Бэрх хотод Кэмбриджийн сургалттай сургууль барьж байна


Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Батноров сумын 7-р баг Бэрх хотын захирагч Ч.Чинбаттай ярилцлаа. Бэрх хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын жишигт нийцсэн Кэмбриджийн сургалттай сургууль барьж эхэлжээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөдөө орон нутагт анх удаа олон улсын жишигт нийцсэн Кэмбриджийн сургалттай сургууль барьж эхэлсэн байна? 
-Тийм ээ. “Эрүүл чийрэг биетэй, эрдэм боловсролтой иргэдтэй орон нутгийн жишиг хот болгоно” гэсэн томоохон хөтөлбөр дэвшүүлсний хүрээнд иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд төрийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, албан хаагчдыг давтан сургах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж ажилласан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөө орон нутагт анх удаа олон улсын жишигт нийцсэн Кэмбриджийн сургалттай сургууль барьж эхэлсэн ба зүүн бүсийн аймаг сумдын хүүхдүүдэд маш том боломжийг нээсэн ажил болсон. Тус ажилтай уялдуулан 150 хүүхдийн дотуур байр, зүлэгтэй хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. 
-Бэрх хотын хувьд олон хөрөнгө оруулалт татсан гэж дуулсан. Одоогоор ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Одоогоор таван төслийн тендер зарлагдаж, эхнээсээ ажил нь эхлээд явж байна. Манай хотод сүүлийн 30 гаруй жил шийдэж чадаагүй том асуудал бол дулааны станцын шинэчлэлийн асуудал байсан. Тус станц 1985 онд ашиглалтад орсноос хойш огт их засвар хийгээгүй. Уг асуудлыг Ерөнхий сайд газар дээр нь ирж танилцан 5.7 тэрбум төгрөгөөр шинэ дулааны станц барих хөрөнгийг шийдэж ажил эхлэх болсон. Шинэ дулааны станцтай болохоор инженерийн шугам сүлжээний асуудал зайлшгүй сөхөгдөнө. Бэрх хот дахь 500 айлын орон сууц мөн 30 гаруй аж ахуй нэгж байгууллагууд төвлөрсөн дулааны системд холбогдсон. Газрын доорх инженерийн байгууламж 30 гаруй жил солигдоогүй муудсан. Өвөл болохоор байнга гэмтэл гарч, хөлдөх асуудал тулгардаг байсан. Тэгвэл одоо 23.5км инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил хийж дуусаад 2021 оны төсөвт суулгах саналаа холбогдох газарт хүргүүлээд байгаа. Ингээд дулааны станц барьж, инженерийн шугам сүлжээгээ иж бүрэн шинэчлээд орон сууц байрны дотор босоо шугамаа янзалчихвал тус хот дэд бүтцийн хувьд асуудалгүй болно.
-Батноров, Бэрх тосгоны онцлог нь юу вэ?
-Манай сум бусад сумтай адил мал аж ахуй, газар тариалан, уул уурхай зонхилсон эдийн засгийн бүтэцтэй аймгийн ууган сумдын нэг. Тус сумаас олон арван алдартан төрөн гарч Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Мөн уул уурхайг түшиглэн хөгжсөн орон нутгийн хоттой гэдгээрээ онцлогтой. Хэнтий аймаг улсын хэмжээнд “Ногоон хөгжилд  суурилсан тогтвортой хөгжлийн бодлого”-оо тодорхойлсон анхны аймаг болсон. Миний бие үүнийг орон нутагт яаж нутагшуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж, орон нутгийн төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байгаа.
-Таны хувьд аймгийн ИТХ-ын 13 хуралдаанд оролцохдоо ямар санал сэтгэгдэл илэрхийлж, тэр нь ажил хэрэг болж дэмжигдсэн бэ?
-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төлөвшүүлэх тал дээр гол санал дэвшүүлэн ажиллаж байна. Өмнөх туршлагаас харахад, уул уурхайн лицензийг замбараагүй олгосноос үүдэн малчдын эсэргүүцэлтэй тулгарах, гол ус ширгэх зэрэг олон асуудал тулгардаг байсан. Ийм учраас уг асуудлыг зүй зохистой байлгах тал дээр нэлээд анхаарч ажилласан. Одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг хариуцлагажуулах мөн дараагийн олгох уул уурхайн лицензийг багийн иргэдийн нийтийн хурлаар оруулж байж зөвшөөрөл авсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор олгосон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу олон иргэн ажлын байртай болж, амьдралаа залгуулж байна. Иймд нэг талаас иргэдийг орлоготой байлгах, нөгөө талаас байгаль орчноо хамгаалах гэсэн хоёр зүйлийг тэнцвэржүүлэх үүднээс аймгийн бодлогыг орон нутагт тусгуулж, сумдын удирдлагуудтай хамтарч ажиллаж байгаа. Уг тогтоолоор ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүд хариуцлагатай болж нэгдсэнээрээ улсын бүртгэлд бүртгэгдэж, татвар төлөгч аж ахуйн нэгж болсон. Манай аймгийн хувьд хамгийн олон нөхөрлөлтэй сум бол Батноров. Үүнээс Бэрх хотод нийт 30 гаруй нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж, 200 гаруй өрх ажил амьдралаа энэхүү бичил уурхайтай холбосон байдаг.
-Төлөөлөгчийнхөө хувиар тойрогтоо хийсэн таны ажлуудтай танилцъя?
-Уул уурхайтай холбоотой асуудлаар аймгийн ИТХ-ын даргын захирамжаар “Гутайн даваа” орчмын ашигт малтмал олборлож байгаа компаниудын үйл ажиллагаанд санал, дүгнэлт өгөх ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ үеэрээ Батширээт, Биндэр сумын иргэдтэй уулзан, санал солилцож, газар дээр нь очиж танилцан аймгийн ИТХ-д тайлангаа танилцуулж улмаар “Гутайн даваа”-г улсын тусгай хамгаалалтад авах талаарх саналыг аймгийн хурлын төлөөлөгчид санал нэгтэй дэмжиж Засгийн газарт уламжилсан. Энэ нь байгаль дэлхийгээ хамгаалж байгаа маш том ажил юм. Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Түүхэн аялал жуулчлалын бүс нутагт уул уурхай байх нь зохисгүй гэсэн бодлоготой уялдуулж Монгол Улсын Засгийн газар тусгай хамгаалалтад авах асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн.
Мөн Баян-Адарга сумын “Хатадын өргөө” ААТҮГ-ын  үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг ахалж менежментийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар АИТХ-д танилцуулж ажилласан. Түүнчлэн Батноров сумын Идэрмэг тавдугаар багийн төвийн засварын хөрөнгийн асуудлыг төлөөлөгч Д.Жамбаа даргатай хамтран шаардлагатай төсвийн асуудлыг аймгийн болон улсын төсөвт тусгах тал дээр дэмжлэг үзүүлж сумаас ирсэн саналуудыг дэмжин ажиллаж байна. Мөн Идэрмэг 5-р багт бэлчээр усжуулах зорилгоор инженерийн хийцтэй гүний худаг гаргасан. 2020 онд дахин нэг худаг гаргах төлөвлөгөөтэй байна. Сум орон нутгаас орон нутгийн төсөв, улсын төсөвтэй холбоотой олон саналыг аймгийн хуралд дэвшүүлсэн. Батноров сум 2020 онд улсын жишиг сум болох томоохон ажлаа эхлүүлж байгаа.
-Хотын захирагчийн хувиар дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай явна вэ?
-Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр тайлангаа ард түмэндээ тавьж дүгнүүлнэ. Мөрийн хөтөлбөрийн биелэлт тэдэн хувьтай байна гэж дүгнэхээс илүүтэй амласан амлалтууд хэрхэн биелэлээ олж хэрэгжсэн, тэр нь иргэдийн амьдралд хэрхэн тусгалаа олсон бэ гэдгээр л ажлын биелэлт гарах ёстой гэж боддог. Миний хувьд хийж хэрэгжүүлнэ гэж ард түмнийхээ өмнө амлалт өгсөн дийлэнх ажлуудаа бүрэн хэрэгжүүлж дуусгасан гэж ойлгож болно. Ер нь цаашдаа дөрөв дөрвөн жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж, тэр л хугацааны хөгжлийн асуудлыг ярьдаг биш арай илүү алсыг харсан, тогтвортой, мэргэжлийн төлөвлөлт зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг амьдрал харуулж байна. Тийм ч учраас Бэрх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын төсвийн хөрөнгөөр мэргэжлийн багаар хийж гүйцэтгүүлж байна. Ингэж урт хугацаанд төлөвлөснөөр  2035 он хүртэл хэрхэн хөгжих хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж, ямар ч удирдлага, ямар ч засаг төр гарч ирсэн энэхүү төлөвлөгөөний дагуу тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэснээр бидний алсын хараа, том зорилтууд биелэлээ олж, түүнийг тухайн орон нутгийн хүн бүр хүртэх боломж бололцоо бүрдэх болно.

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан