
Тодруулбал, улсын төсвийн 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүүр барих ажилд “Ган гүүр” ХХК шалгарсан бөгөөд ЗТХЯ захиалагчаар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас гүйцэтгэлд нь хяналт тавихаар 2019 оны 04-р сарын 12-ны өдрөөс ажлаа эхлүүлж, энэ оны 10-р сарын 31-нд ашиглалтад хүлээлгэж өгөх гэрээг талууд байгуулсан.
Ингэснээр, 1990-ээд оноос Баян-Адарга суманд Онон гол дээгүүр гүүр барих асуудал шийдэгдэж, түүхэн аялал жуулчлалын бүс, тэр дундаа Дадал сумтай шууд холбогдох боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор ЗГ-аас шийдвэр гаргасан учраас жуулчдын урсгал нэмэгдэх, Онон голыг гаталж чадахгүйгээс тойрох, хугацаа алдах бэрхшээл арилж, Онон голын хоёр талд олон жил болсон орон нутгийн иргэд, малчдын хувьд ч тус нэмрээ үзүүлэх томоохон, түүхэн ажил болж буйг ард иргэд онцолж байлаа.

Үүнчлэн, Хэнтий аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас аймгийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч, Улсын онцгой комиссоос 360 тонн өвс үнэ төлбөргүй, 271 тонн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Өвс тэжээлийг аймгийн Онцгой байдлын газраас хуваарилж сумдад 16 тонн өвс, таван тонн тэжээл олгож байна. Малчид сумынхаа онцгой комиссоос өвс, тэжээлээ авна.
Мөн Эрүүл мэндийн яамнаас зарим сумын ЭМТ-д 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичиг, ХНХ-ын сайд С.Чинзориг зарим сумдын ахмадууд, багш нарын хүсэлтийг хүлээн авч Ахмадын өргөөний дулаан хангамж, тохижилт, технологийн кабинетыг тохижуулахаа илэрхийлж, хүсэлтээ Аймгийн Засаг даргаараа дамжуулан уламжлахыг хүссэн.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ