МУЭ-ИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛТ,​ ЗУРААЧ ​Д.БАТХУЯГ “ХАН ХЭНТИЙН ӨНГӨ-3” БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАЖЭЭ



Шинэ оны өмнөхөн /2019.12.07-14-ний өдрүүдэд/ Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд МУСТА, МУЭ-ийн гишүүн, зураач Д.Батхуягийн "Хан Хэнтийн Өнгө-3" бие даасан үзэсгэлэн гарсан билээ. 

Үзэсгэлэнд Эзэн Чингис хааны түүхэн газар нутаг, МНТ-нд тэмдэглэгдсэн уул ус болон алдарт Рашаан хад, Эртний хадны сүг зураг, чулуу, Халх, Буриад зоны аж амьдралыг харуулсан 40 гаруй уран зургийг дэлгэн харуулж, урлаг, уран зураг сонирхдог хүн бүр шимтэн, уран бүтээлчийн ертөнцөөр аялсан юм.

Уран бүтээлчийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон урлаг судлаачид “Байгалийн гоёмсог өнгөний нийлэмж, зохиомж, хүүрнэл бүхий дэлгэгдсэн бүтээлүүд нь дан ганц уран бүтээлийн чансааг илэрхийлээд зогсохгүй мөн манай дүрслэх урлагийн сургалт, судлалын өнөөгийн түвшинг харуулж байгаа нь зураачийн мөн чанар” юм гэж хэлж байв.



Тус Үзэсгэлэнгийн нээлтэд МУ-ын Эвлэлийн хорооны ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэл, Урлаг судлаач, доктор, профессор Ч.Болдбаатар нар оролцож, уран бүтээлийн өндөр амжилт хүсэж, үзэсгэлэнг таалан сонирхлоо. Мөн танхим дүүрэн гадаад дотоодын уран зураг сонирхогчид, уран бүтээлчид цуглаж, “Хан Хэнтийн Өнгө”-ийг шимтэн сонирхов.



Зураач Д.Батхуяг “- Энэхүү үзэсгэлэнг гаргахад, этюд судалбар хийхэд гүн туслалцаа үзүүлсэн аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёлын газар, Хан Хэнтий чуулга зэрэг газруудад талархахын ялдамд Хэнтий нутгийн зон олон та бүхнийг уран зургийн ертөнцөөр үргэлжид хамт аялж байхыг хүсье” хэмээн нутгийн зон олондоо талархал дэвшүүлж, мэндчилгээ илгээлээ.


Зураач Д.Батхуяг нь 1971-1975 онд ДУДС-д ардын зураач Л.Гаваагийн урланд уран зургийн мэргэжлээр суралцаж, 1984-1988 онд УБДС-ийн уран зургийн ангид Ардын зураач Г.Одонгийн урланг төгсөн 1975 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн урчуудын холбоонд зураач, тэргүүнээр ажиллан орон нутагтаа уран бүтээлээ 40 гаруй жил туурвисаар байна.

Тэрбээр 2018 онд “Бурхан Халдун” бүтээлээрээ оны шилдэг бүтээлийн шагнал, 2019 оны “Хан Хэнтийн өнгө-3” уран зургийн үзэсгэлэнгээрээ Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал хүртжээ.

С.ГАН-ЭРДЭНЭ

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан