Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, харьяа хэлтсүүд болон зарим харьяа хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, сумдын удирдлагууд, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа шуурхай штабуудтай цахимаар хурал хийж, цаг үетэй холбогдсон зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Хурлаар төрийн байгууллагууд цаг үеийн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Үүнээс онцолбол,
Хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн нөөцөд байгаа 2600 боодол рапсыг үнэ төлбөргүй, 224 ширхэг ашигт долооцыг 50 хувь хямдруулсан үнээр малчдад олгох шийдвэр гарган хэрэгжүүлжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 960,9 мянган төл бойжиж байгаа бөгөөд төл бойжилт 98,6 хувьтай, 72,8 мянган толгой том мал хорогдсон нь нийт малын 1.5 хувийг эзэлж байгаа аж.
Энэ онд газар тариалангийн 25 аж ахуйн нэгж, иргэд нийт 16,5 мянган га-д тариалалт явуулахаар бэлтгэл ажил хийж байгаа бөгөөд нийт 2632 тн үр шаардагдахаас 1100 тн үр нөөцөлж, 1536 тн үр дутагдаж байгааг Хөдөө аж ахуйг дэмжих санд хүргүүлжээ. Тариаланчид ногоочдод зээл олгохтой холбогдуулан төмс хүнсний ногоо, үр тариа эрхлэгчдийн дэлгэрэнгүй мэдээлэл судалгааг сумдаас аван нэгтгэж, ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байна.
Хэнтий аймаг онцгой байдлын чиглэлээр COVID-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулан аймгийн Онцгой комисс 14 удаа хуралдаж 58 асуудлыг шуурхай шийдвэрлэн ажилласан төдийгүй үүнд 87,8 сая төгрөг зарцуулжээ. Мөн Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу аймгийн хэмжээнд “Эрсдэлгүй амьдрал” аяны нэгдсэн арга хэмжээг ирэх тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны А/195 дугаар захирамжаар Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх бэлтгэлийг хангуулах зорилгоор 18 сум, 5 тосгонд аймгийн Засаг даргын нэрэмжит “Бэлэн байдлын үзлэг” шалгалт үргэлжилж байгааг хурлын үеэр холбогдох мэргэжилтнүүд сонордууллаа. Одоогоор Норовлин сумын Баянголын даваа гэдэг газарт 04 дүгээр сарын 04-ний өдөр хээрийн түймэр гарч 65 га талбай өртөөд байгаа аж.
Түүнчлэн аймгийн нутагт хүрэн баавгай орж ирсэнтэй холбогдуулан 2019 оны 508 дугаар захирамжаар байгуулсан “Шуурхай ажлын хэсэг” хуралдаж иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх, зэрлэг амьтны халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд багц мессеж хүргэн ажиллаж байна.
Д.Одонтунгалаг