БИНДЭР СУМАНД БАРИГДАЖ БУЙ "МОНГОЛ ТӨРИЙН ИХ ХУРАЛДАЙ ОРД" ЦОГБОЛБОР ИРЭХ ЗУН АШИГЛАЛТАД ОРНО



 

МУ-ын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар /2020.01.17/ Биндэр суманд хүрч ард иргэд, хѳдѳлмѳрчидтэй уулзлаа.

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх улс, эх орны хѳгжил дэвшил, Ардын Засгийн газрын богино хугацаанд авч хэрэгжүүлсэн оновчтой бодлого шийдвэрийн талаар танилцуулж, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгосонтой холбогдуулан БОАЖЯ-ны захиалгаар хоёр тэрбум төгрөгөөр барьж буй "Монгол төрийн их хуралдай орд" цогболборын ажил дуусах шатандаа явж байгааг онцлов. Мѳн Жаргалтхаан - Ѳмнѳдэлгэр - Батширээт-Биндэр-Дадал сумдыг холбох авто замын судалгааны ажил эхэлсэн. Тиймээс нутгийн ард түмэн аялал жуулчлалын үйлчилгээний бэлтгэл ажлаа сайтар хангах, аймаг, орон нутгаараа анхаарах, жуулчдад нутаг усаа талхлуулахгүйн тулд байгаль орчноо хамгаалах тѳлѳвлѳгѳѳ даруй гаргах хэрэгтэйг зөвлөв. Уулзалтад, сумын 400 гаруй хүн цуглаж, тэдний төлөөлөл 20 шахам хүн асуулт асууж, санал сэтгэгдлээ хүргэж, сум орон нутагт тулгамдаад байгаа боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн болон Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэвшүүллээ. Иргэдийн хүсэлтийг үндэслэн ХНХ-ын сайд С.Чинзориг сумын "Ахмадын байрны дулаан хангамж, тоног төхөөрөмж", 20 сая тѳгрѳгѳѳр сургуулийн технологийн кабинетын тохижилтыг шийдвэрлэж ѳгѳхѳѳ мэдэгдсэн бол, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг энэ нэгдүгээр сарын долооны өдөр хэлэлцэж, өөрөөр хэлбэл нэгдүгээр хэлэлцүүлэг өрнөж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн хэлэлцүүлэг, үргэлжлээд төсвийн хэлэлцүүлэг өрнөн УИХ-аар хэлэлцэх асуудал хойшилсон. Угтаа бол Засгийн газрын шийдвэр өнгөрсөн жил эрт гарсан. Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдэнэ гэлээ.


Ерѳнхий сайд Биндэр суманд шинэчлэх шаардлагатай сургууль, цэцэрлэг, цаг уурын барилгын зураг тѳсвийг гаргаж аймгийн дарга, УИХ-ын гишүүдэд уламжлахыг үүрэг болгов. Мѳн Ерөнхий сайдын ивээл дор Саальчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаа илэрхийлж, Ерөнхий сайд тус сумаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар, саальчин С.Аюуш, Хөдөлмөрийн баатар, саальчин Ж.Доржханд нарт эрүүл энхийг хүслээ. Тэрбээр улс эх орноо 100 хувь хүнсээр хангах, улмаар экспортлох зорилт тавьсан тул тариаланчид, ногоочдыг бодлогоор дэмжиж буйгаа илэрхийллээ.

Биндэр суманд улсын онцгой комиссоос 20 тонн ѳвс, 7,5 тонн хивэг /50 хувийн хѳнгѳлѳлттэй үнээр/, Эрүүл мэндийн яамнаас 10,0 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмж авах эрхийн бичиг гардуулж, Хан Хэнтий аав, Хатан Онон ээжий ТББ-ын тэргүүн Ч.Туяаг Байгаль орчны Тэргүүний Ажилтанцол тэмдгээр шагнаж, урамшуулав.


Биндэр нутгийн зон олон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улс оронд 20 гаруй жил ужгирч, бугшсан олигарх тогтолцоо, авилга хээл хахууль, хариуцлагагүй уул уурхай, баялгаа гадныханд алдсан байдал, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл зэрэг томоохон асуудлыг хоёр жил гаруй хугацаанд шийдвэрлэж, улс оронд хэрэгтэй төмөр зам, нефтийн үйлдвэр, цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, нийгэм соёлын байгууламжууд барьж, авто замаар бүх аймгаа холбосон, утааг бууруулсан зэрэг дорвитой арга хэмжээг авч, зоригтой ажиллаж байгаад талархаж, Засаг төрийн тогтвортой байдал Монгол улсын хөгжилд чухал үүрэгтэйг захилаа.


Ташрамд дуулгахад, 1206 оны цагаан барс жил Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж, "Их Монгол" улс байгуулсныг даяар олонд тунхаглан зарлаж, Их Эзэн Чингис хаан Далай хаан нэртэй болж Вьетнамаас Унгар, Сибириэс Энэтхэг хүрсэн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэн байгуулсан. Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олж, 1994 онд Монгол Улсын Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуай хөшөө байгуулсан байдаг. Тэрхүү хөшөөний дэргэд “Монгол төрийн Их хуралдай орд” цогцолбор баригдаж байна.


С.Ган-Эрдэнэ













скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан