Ц.Батцоож: Илүү их бүтээн байгуулалт өрнөсөн жил болно

Мөрөн сумын Засаг дарга Ц.Батцоожтой цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? 
-Сайн, сайн байна уу? Нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
-Хулгана жил гарлаа. Шинэ жилийн тань ажлын төлөвлөгөө юунаас эхэлсэн бэ?
-Манай суманд 2020 онд бүтээн байгуулалтын олон ажил өрнөнө. Үүний хүрээнд хийх ажлын зураг төслийг аймгийн хөгжлийн бодлогод тусгууллаа.
-Танай суманд өвөлжилт, хаваржилт ямар байна?
-Манай суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй, тал хээр газарт цасны зузаан 10-20 см, гуу жалганд 30-60 см байна. Мал сүргийн тоо толгой өмнөх жилийнхээс өссөн дүнтэй байна. Одоогоор мал хорогдоогүй, гаднаас мал, малчид орж ирээгүй байна.
-Өвс тэжээл хэр хэмжээнд бэлтгэсэн бэ?
-Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ жил 50 тн өвс,20 тн хивэг бэлдсэн. Гэхдээ цас ихтэй байгаа учраас малчид өвс худалдаж аваад дуусах шатандаа орж байна.
-Энэ жил танай суманд бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөх вэ?
-2020 онд сүүлийн 2-3 жилийнхээс илүү их төсөв хөрөнгө шийдэгдсэн. Улсын болон аймаг, сумын төсвийн 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тухайлбал, улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгөөр240 хүний суудалтай шинэ соёлын төв, хоёр тэрбум төгрөгөөр сумын төв рүү засмал зам тавина, 200сая төгрөгөөр сургуулийн өргөтгөлийн засвар, тоног төхөөрөмж худалдан авах, нэгдсэн халаалтын цэвэр усны шугам, цэцэрлэгийн дээврийн засвар гэх мэт ажлуудыг хийнэ. Аймгийн төсвийн 86 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахуйн үйлчилгээний төв барина.
-Сонгуулийн үлдсэн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж та амжих уу?
-Сумын засаг даргын үйл ажиллагааны тайлан хэлэлцүүлгээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө 80 хувийг хийсэн байна гэж дүгнэсэн. Үлдсэн хугацаанд 100 хувьдхүргэхийн төлөө ажиллана.
-Өнгөрсөн хугацаанд Мөрөн суманд хийсэн хамгийн чухал шинэлэг ажлууд юу байв?
-Маш олон ажил санаачлан хийснээс хамгийн чухал нь ногоочид руу чиглэсэн ажил байна. Тухайлбал ногооны суваг шуудууг орон нутгийн хөрөнгө оруулалтаар засварлаж янзаллаа. Мөн ногооны хашааг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Ерөнхий сайд суманд ажиллах үеэрээ ногоочдод 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа. Сумын малчид Аравтын зохион байгуулалтад шилжээд амжилттай явж байна. Олон жилийн туршлагатай удирдагч нар болох Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Баянмөнх сумын Засаг дарга М.Цэнгэл нартай хамтарч гурван сумын туршлага судлах уулзалт ярилцлага зохион байгуулсан нь шинэлэг ажил байлаа. Инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдож халаалтаа өгөхөөр болоод байна. Мөн сургууль, цэцэрлэгийн сургалтын чанарт анхаарал хандуулж, хийсэн ажлын тайлант сэтгүүл хийж иргэддээ тогтмол тайлагнан ажиллаж байна.
-Мөрөн сумаа ирээдүйд яг ийм болгочих юмсан гэсэн таны төсөөлөл хэр биеллээ олов?
-Мэдээж байлгүй яахав. Сумандаа шинэ бүтээн байгуулалт босгож, худалдаа үйлчилгээг нэмэгдүүлэн хот хүрээ явж байгаа залуусаа сумандаа ажлын байраар хангаж өсч дээшлэх боломжийг нь нэмэгдүүлэхийг эрмэлзэж, зарим нааштай үр дүнгүүд гарч байна.

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан