Аймгийн Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар иргэдийг бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
Мөн энэ үеэр Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, УЦУОШТ, БЗӨБЦТС "Хэнтий салбар"-аас цаг үеийн мэдээлэл хийлээ.
Коронавируст халдварын нөхцөл байдал, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсантай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав мэргэжлийн байгууллагуудад дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд,
1. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас аймаг, нийслэлийн Онцгой комисст ирүүлсэн 2021.03.14-ний өдөр хөдөлгөөн хязгаарлахтай холбогдуулан ирүүлсэн албан бичгийн тодруулгын дагуу Улаанбаатар хотод орон нутгаас ирээд байгаа иргэд PCR шинжилгээ өгч байнгын хаягтаа очиход хязгаарлалт тогтоохгүй байх,
2. Коронавирусний халдвар нэмэгдэж, зарим аймагт батлагдсан тохиолдол гарч буйтай холбогдуулан Нэгдсэн удирдлагаар хангах, гэрийн ажиглалтад хяналт тавих үүргийг эрчимжүүлэх зорилгоор Сумдын Шуурхай штабын хуваарийг урьдчилан авч, мэдээллийн урсгалаа сайжруулах, тогтмол хяналт тавьж ажиллахаар боллоо.
3. Улаанбаатар хот руу нэвтрэх бичиг, асуумж, хүнс тээврийн QR кодыг аймгийн Авто тээврийн төвөөс олгохоор болов.
4. Бүтээн байгуулалттай холбоотой ирсэн ажиллах хүч, компаниуд халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.
5. Ноолуур худалдан авахтай холбогдуулан Улаанбаатар хотоос ирсэн ХХК, хувиараа бизнес эрхлэгч /ченж/ нарт тусгаарлалтын 7 хоногийн дэглэмийг баримтлуулан, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Хэрлэн сумын ЗДТГ-т үүрэг болгов.
6. Аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн үнэлгээний багт Баар, караоке, зах худалдааны төвүүд, олон нийтийн үйлчилгээний газруудын эрсдэлийн түвшин тогтоох хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Цаашид аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн Хүнсний барааны түгээлтийн цэгийг тодорхойлж, хүнс түгээлтэд анхаарал хандуулах, Авто тээврийн төвийн санаачилгын дагуу “Карго тээвэр”-ийн автомашины зохион байгуулалт хийх талаар мөн хэлэлцлээ.