ТАНИЛЦ: ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРҮҮД /2020.11.15/


Аймгийн онцгой комисс өнөөдөр хэд хэд асуудлаар хуралдаж дараах шийдвэрүүд гарлаа. /Аймгийн онцгой комиссын хурлын тэмдэглэлийг үндэслэв/ Үүнд:

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехникийн коллеж, Бор-Өндөр сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн дотуур байранд байрлаж байгаа 216 сурагчийг ар гэрт нь аюулгүй байдлыг хангуулж хүргэж өгөхөөр боллоо. Ингэхдээ дотуур байрны оюутан, сурагчдыг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, буцааж ар гэрт нь хүргэх ажлыг харьяа сумдынх нь Онцгой комисс зохион байгуулж, маргаашаас эхлэн татах зохицуулалтыг хийлээ. Үүнчлэн эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийг сургуулийн дотуур байранд нь байрлуулж, хоол хүнсийг нь сургуулиас нь бэлтгэн өгөхөөр боллоо.
Өргөн хэрэглээний хүнс, мал махны тээвэрлэлт хийх, нөөц бэлтгэх автомашины тоог нарийвчлан гаргаж, автомашинд тусгай зөвшөөрөл олгож зорчуулахаар боллоо. Ингэхдээ мал махны нөөц бэлтгэх, тээвэрлэх ажилд тусгайлсан журам гаргах, малын гарал үүслийн бичигтэй тээвэрлэлт хийхээр боллоо.

Аймгийн сүрьеэгийн барилгын ажилчдыг татан авч, эрүүл мэндийн үзлэг, коронавирусын шинжилгээ хийж, тусдаа байрлуулан ажиллуулахаар болов.

Бүсийн сумуудад явуулын лаборатори ажиллуулахаар боллоо.

Цаг агаарын нөхцөл байдал хүндрэхтэй холбогдуулан аймаг, сумын төвд ирэн гэртээ харьж чадахгүй байгаа малчид, иргэдийг зөвхөн аймаг, сум, багийн хэмжээнд 11-р сарын 16-ны 12:00 цагаас өмнө буцааж нэвтрүүлэхээр боллоо. Мөн хугацаанд хөрш зэргэлдээ Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Багануур дүүргийн иргэдийг буцааж нэвтрүүлэх шийдвэр гаргалаа.

Идэшний зориулалтаар хүнсээ бэлтгэж буй иргэдийг тодорхой хугацаанд малын гарал үүслийн бичиг, харьяа сумын онцгой комиссын бичигтэй нэвтрүүлэхээр боллоо. /Хугацаа, холбогдох шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно/

Хэрлэн сумын харьяалалтай, аймгийн төвтэй ойролцоо өвөлжиж буй малчид, мал бүхий өрхийг бичиг баримтыг /цахим үнэмлэх/ нь үндэслэн хүнс, шатахуун худалдан авах нөөцлөхөд аймгийн төв рүү нэвтрүүлэхээр боллоо.

Буяны ажил, хүнс, шатахууны тээвэрлэлт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөдөлгөөнөөс бусдаар хулгайн тээвэр хийж, Чингис хаалга, аймгийн төвийн Хэрлэнгийн гүүрний постод ирж түгжигдсэн жолооч нарт хатуу хариуцлага тооцож, хуулийн хүрээнд торгож нэвтрүүлэхгүй байх үүргийг Аймгийн онцгой комиссын дарга хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдаж байсан "Далай Хан" дэлгүүрийн архи, согтууруулах ундаа зарж борлуулах тусгай зөвшөөрлийг цуцалхаар боллоо.


ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ С.ГАН-ЭРДЭНЭскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан