Хэнтий аймгийн Онцгой комисст энэ сарын 10-ны байдлаар 18 сая 378 мянган төгрөг цугларсан банкны хуулгыг олон нийтэд танилцууллаа.
Тус аймгийн ЗДТГ-ын Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваагийн мэдээлснээр хандиваас зарцуулалт хийгээгүй байгаа бөгөөд Петровис ХХК-ийн хандивласан 500 мянган төгрөгийн шатахууны талоныг гудамж талбайг ариутгахад зарцуулсан гэлээ.
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан иргэд, ААН, албан байгууллагуудаас ирүүлсэн хандивыг аймгийн ЗДТГ-ын нэмэлт дансанд хуримтлуулж байгаа аж.
Харин хандив тусламжаар ирсэн амны хаалт, халдвараас хамгаалах хувцсыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Зооноз өвчин судлалын төвийн албан хаагчдад тухай бүрт нь хүргүүлж байгаа гэнэ.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах ажилд өнгөрсөн хоёр сарын хугацаанд аймгийн Засаг даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас 60 шахам сая төгрөг зарцуулжээ.
Д.Одонтунгалаг