Аймгийн онцгой комиссын шуурхай штабын хурлын шийдвэрүүд гарлаа

Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.
Хурлын эхэнд аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Ц.Идэрбатад Шуурхай штабын дарга бөгөөд аймгийн ОБГ-ын дэд хурандаа Ж.Эрдэнэбат Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, МУ-ын Засгийн газар, Орон нутгаас гарсан захирамж шийдвэртэй холбоотой хэрэгжилтийг танилцууллаа. Үүнээс онцолбол хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбоотой аймгийн хэмжээнд 80 эргүүл хяналтын пост, Чингис хотын хэмжээнд байнгын 3, хөдөлгөөнт 7 пост 40 алба хаагч 24 цагаар ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 18 сум таван тосгодыг цахим орчинд холбож, нэгдсэн удирдлагаар хангах, аймгийн 57 төрийн байгууллагад тандалт судалгааг хийж байна. 2020 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Улаанбаатараас Хэнтий аймгийн чиглэлд нийтийн тээвэр болон хувийн автомашинаар хүрэлцэн ирсэн 2281 хүнээс 1597 иргэнд асуумж судалгаа авч, Ковид-19 халдварын эрсдэлийг тооцоход, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн Галшар, Хэрлэн сумын 3 тохиолдолд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийж амьсгалын замын халдвар гэж оношилсныг албаны эх сурвалж дуулгалаа.
Шуурхай штабын хурлаар Мэргэжлийн Хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Тагнуулын газрын дарга нар мөн мэдээлэл хийлээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж өчигдөр буюу 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас зорчих хөдөлгөөн хязгаарласан. Энэ хугацаанд Чингис хотыг бүсчлэн хаасан хяналтын 10 цэгээр орж ирсэн 40 автомашин, 82 зорчигч, гарсан 57 автомашин, 106 зорчигч нийт 97 тээврийн хэрэгсэл, 188 зорчигчдыг нэвтрэх зөвшөөрлийн дагуу хяналт тавьж шалган нэвтрүүлсэн байна. Аймаг, сум, тосгон, багаас орж гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн буяны ажил, хүнс, шатахууны тээвэрлэлт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөдөлгөөнийг нэвтрүүлэхээс гадна хязгаарлалт улам чангарч буйг хурлын үеэр эх сурвалж мэдэгдлээ.
Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын үеэр Хэрлэн сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэглэн” найман нэрийн хүнсний дэлгүүр иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсныг тогтоож, өнөөдрийн хурлаар архины тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Мөн цагийн хуваарь зөрчсөн “Хан-Оргил” хүнсний дэлгүүр, бусад долоон тохиолдолд хуулийн хүрээнд хариуцлага тооцохоор болов.
Жаргалтхаан сумын 6 дугаар багийн иргэн энэ сарын 08-ны өдөр “UB палас”- “Хархан нүдэн” тоглолтыг охины хамт үзэж улмаар 09-ний өдөр сумандаа харьсан гэх мэдээлэл мөн өнөөдөр шуурхай штабаар мөн хэлэлцэгдлээ. Тус иргэнийг сум, аймгийн эрүүл мэндийн төвөөс гэрийн хяналтад байлгаж 4 цагт тутамд утсаар холбогдож хяналт тавин ажиллаж байна. Тус иргэнд эрүүл мэндийн байгууллагаас түргэвчилсэн оношилгоо хийж шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсныг аймгийн ЭМГ-аас мэдэгдлээ.
Мөн МУБИС-ийн хоёр оюутан лабораторийн шинжилгээ эерэг гарсантай холбогдуулан Хэнтий аймгаас МУБИС-д суралцаж буй 306 оюутан, Хэнтий аймгаас Улаанбаатар хотод сурч буй оюутнуудын судалгааг гаргаж тандалт хийж эхэлсэн байна.
Хуралдааны төгсгөлд Шуурхай штабаас хэлэлцэгдсэн асуудлуудыг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө.
Цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцөд анхаарах, бүсийн сумдад 20 ширхэг коронавирусын түргэвчилсэн оношлуур хүргэхээр боллоо.
Нийгмийн зорилтот бүлэгт анхаарах зайлшгүй шаардлага тулгарч буй талууд авч хэлэлцлээ. Мөн мах, хүнсний худалдаа, түлээ нүүрсийн үнийн хөөрөгдлөөс сэргийлж, аймгийн Статистикийн хэлтсээс албан хаагч томилуулж, тандалт судалгаа хийлгэх, хэрэв үнэ хөөрөгдсөн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болов.
Шуурхай штаб зардлаа хэмнэх, Аймгийн шуурхай штабын дэргэд 7056-3113 иргэдийн гомдол санал, авах байнгын утсыг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.
Коронавирусын эмчилгээний 10 хоногийн нөөц бэлтгэх зорилгоор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас 20 сая төгрөг зарцуулах, хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа алба хаагчдад мэргэжлийн байгууллагуудаас хүссэн шаардлагатай маск, хамгаалах хэрэгслийг Шуурхай штабаас шийдвэрлэхээр боллоо.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан