Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шаваа тавьсан Биндэр сумын 200 ортой цэцэрлэгийн барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат болон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо. Өмнө нь 100 ортой цэцэрлэгт 200 гаруй хүүхэд суралцдаг байсан бол стандартын дагуу шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор сумын төвийн хүүхдүүд СӨБ-д зуун хувь хамрагдах боломж бүрдэж байна. Энэхүү шинэ цэцэрлэгийн хувьд урлаг, спорт заал, унтлагын танхимууд тус тусдаа гэдгээрээ онцлогтой юм. Мөн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах үүднээс шинэ бүлэг нээжээ.
![](https://montsame.mn/uploads/content/fba2c76ea47dc32f2e4c37fa47373e18.png)
Мөн энэ өдөр Биндэр сумын 20 ортой шинэ эрүүл мэндийн төв нээлтээ хийв. Хэнтий аймаг 2023 онд эрүүл мэндийн салбартаа 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний нэг жишээ энэ юм. А зэрэглэлийн буюу сум дундын энэхүү эрүүл мэндийн төвийг нээснээр Биндэр сумын 4000 гаруй иргэн цаашлаад зэргэлдээ сумдын иргэд ч нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой болж байна.