СУИС-ийн Монгол зургийн ангийн зураач, Хан Хэнтий цогцолбор сургуулийн төгсөгч Г.Эрдэнэбат 3 найзынхаа хамтаар ундны усны худгийн гаднах зургийг зуржээ.
Тэрбээр сурагч байхаасаа олонд танигдаж, хашаан дээр зураг зурах, иргэдийн захиалгын дагуу ажил гүйцэтгэх зэрэг өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж, сургалтын төлбөрөө олжээ. Энэ удаад Хэрлэн сумын 5-р багийн ундны усны худгийн гаднах зургийг 3 найзын хамт зурж дуусгажээ. Тухайн худаг дээр зураг зурахдаа зүгээр ч нэг санаанд орсон зүйлээ буулгаагүй байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн тусламжийн утас, хүүхэд нэгдүгээрт гэх зэрэг нөлөөллийн зургаар орчныг нь гоёжээ.
Г.Эрдэнэбат Олон улсын болон улс, аймгийн чанартай зургийн уралдаануудад орж шагналт байрт шалгарч Хэнтий аймгийнхаа нэрийг гаргасаар байна. Тэрбээр СУИС-ийн Монгол зургийн ангид урилгаар суралцах эрх авч мөрөөдлөө биелүүлжээ. Цар тахалтай байгаа энэ цаг хугацаанд хичээлээ онлайнаар үзэхийн хажуугаар өөрийн хэрэглээний мөнгөө олохын тулд ийнхүү захиалгын ажлаа гүйцэтгэж байна.