“Монгол ногоо- жишиг гудамж” төслийг Хэрлэн сумын нэгдүгээр багийн 6 а, б гудамжинд хэрэгжүүлэхээр болжээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ, Хэрлэн сум, ДЗОУБ Бор-Өндөр 2 ОНХХ, Хэнтийн Ногоочдын нэгдсэн сүлжээ (ХЭННЭС) ТББ-ууд хамтран ажиллах юм. Энэхүү төсөл нь хот суурин газрын гэр хороололд амьдардаг, орлого багатай өрхүүдийг дундын усны эх үүсвэрээр дэмжиж, бүлгийн зохион байгуулалтад оруулах замаар өрхийн тариалан эрхлэх шинэ загвар бий болгох зорилготой төсөлаж.
Уг төсөлд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Баянзүрх дүүрэг, Эрдэнэт, Дархан хот, Хөвсгөл аймгийн 17 жишиг гудамжны 330 өрх хамрагдаж, улсын хэмжээнд загвар үйл ажиллагаа болж чаджээ. Хэнтий аймгийн Ногоочдын нэгдсэн сүлжээ ТББ анх хамтран ажиллах, Хэнтий нутагт хэрэгжүүлэх саналыг тавьснаар Хэрлэн сумын Засаг дарга дэмжин “Монгол ногоо” төслийн баг жишиг гудамж болох гэж буй Хийдийн суурингийн 6-р эгнээний а, б гудамжинд ирж газар дээр нь танилцлаа.
Хэнтийн Ногоочдын нэгдсэн сүлжээ (ХЭННЭС) ТББ-ын тэргүүн Б.Цэрэнчимэд хэлэхдээ,
Хэрлэн сумын хэмжээнд 7000 өрхтэй, түүний 4000 орчим өрх нь гэр хороололд амьдардаг. Өрхийн тариалалт буюу хашаандаа хүнсний ногоо тарьдаг айл цөөхөн. Хүнсний ногоо тарихад хамгийн бэрхшээлтэй зүйл бол усны асуудал тул “Монгол ногоо” төслийн зүгээс энэ асуудлыг шийдэх гарцыг 2016 оноос хойш олж амьдрал дээр хэрэгжүүлж байгаа гэлээ.
Хэрлэн сумын зүгээс гүний худгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж өгснөөр иргэд усны гачигдалд оролгүй ногоогоо тарих ажээ. Эхний ээлжинд 20 өрхийг сонгон авч өрхүүдэд төмснөөс бусад ногооны үр, багаж хэрэгсэл, 4 хүлэмж өгөх бол, хамтран хэрэгжүүлэгч ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 хөтөлбөрийн зүгээс 10 хүлэмж нэмж өгөх гэнэ.
Уг төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжиж, өрхүүд өөрсдийн гэсэн орлоготой болох, амьдралын чанар сайжирч, баталгаатай хүнсний ногоо хэрэглэх, төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэж агаарын бохирдол буурах, хүүхдүүд багаасаа хөдөлмөрт сурах, хөршийн холбоо сайжрах зэрэг олон давуу тал боломжууд бий болох юм байна.
Д.Одонтунгалаг