Хүйтний ам наашилж буй энэ үед хүн ам төвлөрсөн хотын дулаан, цэвэр усны хангамжийн асуудал, бэлтгэл бэлэн байдал нэгдүгээрт тавигддаг. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ нар өнөөдөр Хэнтий-Ус ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл, ажлын явцтай танилцаж, Чингис хотыг дулаанаар хангаж буй тус компанийн ажилчидтай уулзлаа.
Компанийн захирал, нягтлан бодогч, инженерүүд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан нэн шаардлагатай байгаа 28 сая төгрөгийн өртөгтэй бохир усны насос, Бэрх дулааны станцын нүүрс түрэгч ковшийг шийдвэрлэж өгөх, цаашлаад Чингис хотын бохир усны гол шугам /коллектор/, ундны цэвэр усны эх үүсвэрийн харуул хамгаалалтын асуудал, уурын зуухнуудад галч тогтвортой ажилладаггүй учраас гал алдах нөхцөл үүсдэг гэх мэтчилэн тулгамдаж буй асуудлыг аймгийн Засаг даргад уламжиллаа.
Харин Ц.Идэрбат өвөл гал алдахгүйн тулд уурын зуухнуудад галч, машинистаар ажиллах ажилчдыг ШШГГ-аас гэрээт байдлаар ажиллуулж болох эсэх талаар судалж үзэхээ илэрхийлж, тооцоо судалгаагаа гаргахыг даалгав. Өнгөрсөн зуны үерийн улмаас Чингис хотын бохир усны хоёр насосын нэг нь эвдэрсэн. Тухайн асуудлыг УОК-т уламжилсан, аймгаас ч шийдвэрлэх боломжтой. Тиймээс хотоо бохирт автах аюулаас нэн даруй сэргийлж, насосын асуудлыг даруй захиалж, угсрахыг даалгалаа. Цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтын асуудлыг Чингис хотын захирагчтай зөвшилцөж шийдвэрлэх, үүнчлэн орон нутгийн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцож, гүйцэтгэсэн 200 сая төгрөгийн гүйцэтгэлийг тэрбээр холбогдох компаниудтай уулзаж, шийдвэрлэхээ илэрхийллээ.
“Хэнтий-Ус” ХХК дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ, Барилга, сантехникийн засвар үйлчилгээ, нийтийн халуун усны үйлчилгээ, халуун хүйтэн усны тоолуурын засвар, баталгаажуулалтын үйлчилгээ гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, Чингис хотын 50 орон сууцны 1600 гаруй өрх, 200 гаруй ААН байгууллага, Бэрх дулааны салбарын 32 ААН байгууллага, 460 гаруй айл өрхөд нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлдэг юм.
Түүнчлэн халаалтын 10 зуухаар жилд 100 мян/Гкал дулаан үйлдвэрлэдэг, Чингис хотын дулааны 60-70 хувь, цэвэр усыг дангаараа 100 хувь нийлүүлж байна. Гэр хорооллын иргэдэд 16 ус түгээх байраар үйлчилгээ үзүүлдгээс 10-т нь ухаалаг худгийн систем нэвтрүүлжээ. Дулаан, цэвэр, бохир усны 97 км инженерийн шугам сүлжээний ашиглалт, сантехникийн засвар үйлчилгээг хариуцан 7 цех тасагтай 200 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
С.Ган-Эрдэнэ