Хэрлэн сумын тавдугаар багт байрлах БАМ-ын байшин нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд 5 блок байранд 100 гаруй айл өрх амьдардаг.
1999 оноос цэвэр, бохирын шугамын гэмтлээс шалтгаалан боловсон нойлгүй болж, 10 гаруй жил ил задгай бие засаж, бохироо асгаж, байгаль орчныг бохирдуулахаас гадна иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Тиймээс өнгөрсөн жил ОНХС-гийн хөрөнгөөр 2 блок байранд цэвэр усны шугам, 5 блок байранд бохирын шугамын худгийг байгуулжээ.
Харин энэ онд ОНХС-гийн 40 орчим сая төгрөгөөр эхний ээлжийн айл өрхийг цэвэр, бохирын шугамд холбох ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна. Тиймээс өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, АИТХ-ын төлөөлөгч М.Ганхүлэг болон холбогдох албаны хүмүүс очиж, айл өрхийн төлөөллүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Ингэснээр тус байруудын зоорийн хэсгийг ашиглан шугамын ажлыг явуулах шийдэлд хүрсэн бөгөөд Хэрлэн сумын ЗДТГ-аас айл өрхүүдтэй нэг бүрчлэн уулзаж судалгаа, схем зураглал гаргах, 1 айлыг холбоход хэдий хэмжээний зардал гарах талаар ажлын тоо хэмжээг гаргаж эргэж танилцуулахаар шийдвэрлэлээ.