
Жаргалтхаан суманд үлгэр жишээ эко гэр бүл цөөнгүй бөгөөд өдгөө 55 жил ханилж байгаа Д.Сампилноров, түүний гэргий Д.Эрвээхэй нар өдгөө 20 орчим нэр төрлийн 200 гаруй мод бут бүхий бяцхан ойн төгөлийг хашаандаа ургуулж бүтээжээ. Мөн Жаргалтхаан сумын хамгийн хөдөлмөрч гэр бүл Н.Энхбаяр, Д.Сарантуяа нар мод үржүүлэх ажлаа 10 жилийн өмнө эхлүүлсэн байна. Анх хуш, нарс, мойлны мод тарьж байсан бол өдгөө үрэл, үхрийн нүд, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг 40 гаруй жимсний мод нэмж тарьжээ. Мод тарихад гол нь арчилгаа, усалгаа чухал гэдгийг тэд онцолж, хашаандаа 60 метр гүн худаг гаргуулж усалгааг шийджээ.
Жаргалтхаан сум 2200 хүн амтай, сумын төвд 280 хашаатай бөгөөд хашаа бүрийг моджуулах бодлогыг сумын зүгээс барин ажиллаж, найман настай балчраас 80 настай буурал хүртэл мод тарих үйлст нэгджээ. Ийнхүү Жаргалтхаан суманд мод тарьж сурсан, түүнийгээ бизнес болгон хөгжүүлсэн, өөрийн амины хашаагаа ойжуулсан, жимсний модноосоо өрхийн хэрэглээгээ хангаж байгаа олон өрх бий болж байна.
Д.Одонтунгалаг