Баян-Овоо сумын хоёрдугаар багийн иргэн баялаг бүтээгч Ч.Тэрбиш 2015 оноос мод тарьж эхэлжээ. Энэ хавар түүний хашаанд 10 нэр төрлийн, 60 орчим мод ургаж байна. Тэрбээр мод тарьж ургуулахад гэр бүлийн оролцоо, хамтын хөдөлмөр хамгийн чухал болохыг онцоллоо.
Хашаандаа анх 2015 онд мод тарьж эхэлсэн түүнийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас дэмжин 2018 онд таван ширхэг үхрийн нүдний суулгац өгч мод тарих хүслийг нь улам дэврээжээ. 2019 онд дахин 10 ширхэг үхрийн нүдний суулгац өгч тэр жилдээ арвин их ургац авсан байна.
Ч.Тэрбишийн хувьд мод тарихдаа ямар нэгэн зориулалтын бордоо огт хэрэглэдэггүй бөгөөд аль болох байгалийн гаралтай бордоо болох малын өтөг бууц, модны үнс, ясны үнс, үртэс зэргээр бордож ургуулдаг байна. Үхрийн нүдний суулгац нь маш сайн ургасан тул тэрбээр урамшиж, хашаандаа 10 нэр төрлийн 60 орчим мод тарьжээ. Тухайлбал монос, нохойн хошуу, үхрийн нүд, мойл, интоор, алимны мод, чацаргана, улаалзгана, исэргэнэ зэрэг мод ургуулж байна.
Мод тарьж, ургуулах, арчлах нь ганц хүний хийх ажил биш гэдгийг тэрбээр онцолж байлаа. Учир нь гэр бүлийн гишүүд модны ач тусыг мэдэрч, хамтран ургуулж, арчлах нь хамгийн үр дүнтэй гэнэ. Тэрбээр таван хүүхэдтэй, 10 гаруй ач зээтэй, өнөр өтгөн айлын хариуцлагатай эмээгийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Ач зээ нар нь мод тарихад бүхий л чадлаараа тусалж ус зөөх, модны гэмтсэн хугарсан мөчрийг цэвэрлэх, хөрсийг сийрэгжүүлэх, хураалтын цагт жимсээ түүх зэрэг гол ажлуудаа хамтран гүйцэтгэдэг байна. Байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, жимс жимсгэний ач тусыг ойлгуулах, хэрхэн зөв хүн болох талаар тэрбээр сурган хүмүүжүүлдэг аж.
Баян-Овоо суманд мод тарих хүсэлтэй иргэдийг дэмжин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Өрх бүр жимсний аж ахуйтан болцгооё” аяныг эхлүүлжээ. Одоогоор тус сумын 49 өрхөд 175 ширхэг чацарганы мод, 300 ширхэг үхрийн нүдний модны дэмжлэг үзүүлснээр Баян-Овоочууд олноороо мод тарьж, байгаль орчинд ээлтэй сум болж байна. Нутгийн иргэд, өөрсдийн давуу талаа ашиглан, амьдралын цоо шинэ өөрчлөлт шинэчлэлт хийн, айл өрх бүр жимсний аж ахуйтан болж, амт чанартай жимсээр өөрсдийн хэрэгцээгээ хангадаг болох том зорилт ийнхүү эхнээсээ биелэлээ олж эхэлжээ.
Д.Одонтунгалаг