Биндэръяа нутгийн газар тариалангийн “Амжилт” компанийн туршлагатай удирдагч, Монгол Улсын зөвлөх агрономич Цэдэнжавын Аюурзана, гэргий Цагааны Мөнхцэцэг агрономич, механикжуулагч нөхдийнхөө хамт атрын 60 жилийн ойгоо амжилт арвин угтаж байна.
1993 онд анх шинэ зохион байгуулалтаар байгуулсан “Амжилт” компани 1997 онд улсдаа анхны “Улсын тэргүүний тариаланч хамт олон” болсон 3 аж ахуйн нэгжийн нэг. Тэр үед 4000 га эргэлтийн талбайтай, жилдээ 2000 га-д тариалдаг, үтрэмд 3000 тонн будаа буудаг байжээ.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж тариагаа тарьж, туршлагатай хамт олон тогтвортой ургац авч иржээ. Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн тарианы 35-36 хүн “Амжилт” компанид хамт ажиллаж тэднээс Л.Гомбосүрэн, М.Гомбосүрэн, С.Ганбат, Д.Ганбат, Ц.Алтанхуяг,Д.Дугаржав, С.Дөш, үтрэмийн эрхлэгч Лодойхүү нарын олон сайн ажилчид ажлаараа манлайлж байлаа.
Аюурзаны гэргий Мөнхцэцэг агрономич Баянхонгор аймгийн Байдраг сумын бүсгүй 1988 онд ХААИС-ийн агрономын анги төгсөөд Баян-Адарга суманд нөхөртэйгөө хамт ажиллаж, өдгөө Биндэр нутагтаа суурьшиж 26 дахь намрын ургацаа үтрэм дээрээ хүлээн авч байна.
Тэд хоёулаа агрономич мэргэжилтэй болохоор олон давуу талтай, Аюурзана талбайн ажлаа хариуцаж байхад Мөнхцэцэг үтрэмээ хариуцаад ажиллана. Тэд 2 охин 1 хүүтэй. Хүү нь ТИС-ийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгсөөд арваад жил аав ээждээ туслан, газар тариалан, МАА-г хослуулан эрхлээд амьдарч байна. “Амжилт” компанийн тариаланчдын хотхон маш тохилог, байр сууцаа зочид буудлын хэмжээнд тохижуулж, хоол хүнсээр хангалуун байхад анхаардаг.
Одоо “Амжилт” компани жилдээ 450-500 га-д тариалж мөн хэмжээний уринш боловсруулж, энэ жилийн зуны халалтыг эс тооцвол ургац өтгөн, га-гаас 10 гаруй цн ургац хурааж байна. Бага талбайгаас их ургац авах зорилтдоо үндэслэн “Амжилт”-ынхан техникийн шинэчлэлийг талбайдаа тохируулан хийж, сүүлийн үеийн Жон Деери комбайн, Оросын Белорус 1221 дугуйт трактор, бусад чиргүүл дүүжин машин, үтрэмийн техникүүдээ шинэчилжээ. Талбайгаа хашаажуулж, элэгдлээс хамгаалах технологийг мөрдөж, цаашдаа ойн зурвас байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Аюурзана агрономич анх ХААИС дүүргээд 1986 онд Хурхын сангийн аж ахуйд Чулуунбаатар даргын тушаалаар үрийн агрономичоор ажлын гараагаа эхэлж дараа нь 1989 онд Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдлийн агрономичоор ажиллаж байв. Баян-Адарга сум 3000-4000 га-д тарьдаг, Сайханы хөндий бол тариа ургуулдаг алтан хөрстэй газар юм. Энэ хөндий хөрс сайтай, хур тунадас маш сайн татдаг, зундаа чийг дааж манан буусан нутаг билээ.
Одоо цаг агаар их ч өөрчлөгдөж, тариалалт хойшлох тусмаа ургац өгөх нь гайгүй болж байна. Энэ байдлыг ч хашир агрономичид гярхай ажиглан судалж тариалангийн ажлаа явуулах болжээ. Тариалалтад үрийн шинэчлэл тохирсон сорт тун чухал учраас эднийхэн үрийн аж ахуй байгуулж, хэд хэдэн сортыг тарьж туршин дундын болцтой, ганд тэсвэртэй Дархан 34, бурядский остичная сортыг сонгон үржүүлж байна. Эдгээр үр нь ургац сайн, асгаралт бага, сахалтай болохоор мал идэж чаддаггүй, ганд тэсвэртэйгээрээ онцлог ажээ.
Тус компанийн ахмад тариаланчдын нэг, аймгийн аварга механикжуулагч Ц.Алтанхуяг 1989 онд Хэнтийн ТМС-ийн трактор комбайны ангийн сүүлийн төгсөгчдийн нэг бөгөөд одоо компанийхаа тариа хураалтын голыг нугалан ажиллаж байна. Залуу халаагаа бэлтгэхэд анхаарч М.Мөнгөн болон А.Намжилжамц хүүгээ дагалдуулан сургаж, хоёр шавь нь ч сайн механикжуулагчид болох ирээдүйтэй байгаа гэж тэрбээр сэтгэл хангалуун байна.
Д.Одонтунгалаг