Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Ажилчин зөгий” төсөл хэрэгжиж байна.
Энэ төсөлд 8 өрхийн 48 гишүүн хамрагдаж үр шимийг нь хүртэхээс гадна Баян-Овоо сумын 1700 гаруй иргэн, зорчигч, жуулчин, аялагчид ч шууд бус замаар үр шимийг нь хүртэх боломжтой болох юм. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийнүдийн хоол хүнсэнд зөгийн бал бэлтгэн нийлүүлж, ирээдүй хойч үе, иргэдийн бие организмд эерэг нөлөө үзүүлэхүйц эко бүтээгдэхүүнээр тасралтгүй үйлчилгээ үзүүлж,зөгийн загвар аж ахуйтан болох үр дүнд хүргэхээр төлөвлөжээ.
Өнөө үед айл өрхийн амьжиргааны түвшин харилцан адилгүй, хүмүүсийн хүсэл эрмэлзэл ч олон янз байж, өөр өөрсдийн хэрэгцээ сонирхолдоо түшиглэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна. Тэдний нэгэн адилаар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэн З.Оюунтуяа өөрийн сонирхлоороо 6 жилийн өмнөөс хашаандаа чацаргана, улаалзгана, үхрийн нүд, интоор, тошлой, тэхийн шээг, нохойн хошуу, голт бор, агч, хайлаас, гацуур, бөөрөлзгөнө зэрэг жимсний мод бут тарьж, хүнсний хэрэгцээгээ хангах болжээ. Мөн цаашлаад зөгийн аж ахуй эрхлэх сонирхолдоо хөтлөгдөн төсөл боловсруулж орон нутгийнхаа удирдлагуудаар дамжуулан Хар ямаатын байгалийн нөөц газрын байгаль хамгааллын менежмент хариуцагч Дэлхийн байгаль хамгаалах санд хандсан байна. Ингэснээр тус байгууллагын санхүүжилтээр 5 бүл зөгийтэй болж, зөгийчин болох ажлаа ийнхүү эхлүүлжээ.
Хар ямаатын байгалийн нөөц газрын байгаль хамгааллын менежмент хариуцагч Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэй “Ажилчин зөгий” төслийг хамтран хэрэгжүүлэгчээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Жимст тал” хоршоо, Хэнтий аймгийн Баян-Овоо сум тус тусдаа үүрэг хүлээн ажилладаг байна. Зөгийчин Оюунтуяаг өнгөрсөн 2 жилийн турш төсөл хамтран хэрэгжүүлэгч “Жимст тал” хоршооны эздийн хүү болох 11-р ангийн сурагч Э.Түвшинбаяр хажуудаа дагалдуулан түүнд зөгийний аж ахуйтан болоход нь туслан зааж сургажээ.
З.Оюунтуяа ярихдаа, Зөгийн аж ахуй эрхлэх ажил маань сум орон нутгийн таатай уур амьсгалд түшиглэсэн, зах зээлд ойр, орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндэд нэн хэрэгцээ шаардлагатай учраас ирээдүйн амьжиргааны эх үүсвэр гэж үзэж байна. Мөн ирээдүй хойч үе болсон үр хүүхэд, сонирхсон хүмүүст тусалж дэмжин, зөгий эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэхэд өөрийн бүхий л боломжоороо сэтгэл харамгүй туслах болно” гэдгээ хэлж байлаа.
“Ажилчин зөгий” төсөл хэрэгжсэнээр зөгийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдэж, шинээр бизнес эрхлэгч болон тус сумын брэнд бүтээгдэхүүн бий болсон байна. Түүнчлэн хэрэглэгчид байгалийн цэвэр чанартай, эмчилгээ сувилгаа болон хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах, сувилуулах нөхцөл бүрджээ. Хар ямаатын байгалын нөөц газарт зөгий үржүүлснээр ургамлын тоос хүртээх чадвар давхар сайжирсан байна.
Хар ямаатын байгалийн нөөц газарт ойр амьдардаг, түүний ойролцоо нутагладаг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын зөгий эрхлэгчдээс туршлага судлан зөгий үржүүлэх дадлага туршлагатай болсон байна.
Баян-Овоо суманд зөгийн аж ахуй эрхэлдэг хүн байхгүй. Зөгийн балаа хэрэгцээтэй үедээ дэлгүүрээс худалдан авдаг. Худалдаанд борлуулж буй зөгийн бал нь найрлагын хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд ялгаж таньдаггүй, зөвхөн үнийн зөрүүгээс л барагцаалдаг байна. Иймээс
Цаашид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн орон нутагтаа зөгий үржүүлэх ажлыг эрчимжүүлэх бодлого барин ажиллах юм байна.Төслийн 2019 оны үр дүнгээс танилцуулахад,
-Зөгийний тухай ойлголтыг төсөл хамтран хэрэгжүүлэгч “Жимст тал” хоршооны гишүүд төсөл хэрэгжүүлэгчид дадлага сургалтаар үзэж танилцуулан ойлгуулсан.
-Одоогоор 25кг байгалийн цэвэр зөгийн балыг хураан авч 750000 төгрөгийн борлуулалтыг орон нутгийн иргэдэд хийсэн.
-Мөн 5кг зөгийн балны хаалт хураан аваад байна.
Д.Одонтунгалаг