“Чинээлэг малчин” хөтөлбөр Хэнтий аймагт хэрэгжинэ


“Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий аймагт хэрэгжихээр болжээ. Тодруулбал, “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын салбарыг Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар аймагтаа санаачлан байгуулсан байна.

Тус аймаг 4,8 сая толгой малын тоогоороо улсдаа 5-р байрт бичигддэг агаад 1117 мянгат малчны тоогоороо тэргүүлдэг байна. Гэвч малын тооноос илүү чанар, сүргийн бүтцэд анхаарч, бэлчээрээ хамгаалах нь малчдын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Иймээс Хэнтий аймаг мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрээ хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлэхэд анх Говьсүмбэр аймагт хэрэгжсэн “Чинээлэг малчин” хөтөлбөр ач тусаа өгсөн хэмээн үзжээ.
Хэнтий аймаг 2,5 сая хонин сүрэгтэй, аймгийн өмнөд бүс нутгийн бэлчээрийн онцлогт тохируулан хонин сүргийг чанаржуулан өсгөх боломжтой бол хойд сумдад үхэр сүрэгт тулгуурласан бизнес загварыг бий болгох хэрэгтэй гэж тооцож байна. Нэг малчин өрх мянга хүрэхгүй малаар жилдээ 200-300 сая төгрөгийн орлоготой болох боломжтой. Түүнчлэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэт доройтолд орсон бэлчээрийг нөхөн сэргээх, малчдын нөр хөдөлмөрийг хөнгөвчлөх, хонин сүргийн бүтэц чанарт эргэлт гарах ач холбогдолтой аж.
Аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар хөтөлбөрийн мөн чанар, үр дүнг малчдад тайлбарлан таниулснаар Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Л.Наранбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхдагч малчин боллоо. Сумын сайн малчин Л.Наранбаатар 16 настайгаасаа эхлэн 30-аад жил мал маллаж өдгөө 1200 толгой мал сүргээ өсгөн үржүүлж байна. Л.Наранбаатарынх өнгөрсөн жил барга үзэмчин хуц ухна худалдан авч хээлтүүлэгчээ сайжруулжээ. Тэднийхтэй саахалт хаваржиж байгаа “Алтан хурганы эзэн” Д.Энхболдынх  энэ хавар 100-гаад эм хонийг хоёр сарын эхнээс эхлэн эрт төллүүлж хургаа тэжээн туршиж, намар уг тэжээсэн хурга, орой гарсан хурганы жинг харьцуулж үзэх юм байна.
Мөн Ч.Даваацэрэнгийнх ч 30, 40-өөд хонь эрт төллүүлж халгай, хивэг, мангир, шүү хольсон даршаар тэжээж туршжээ. Эднийх таван хошуу мал сүргээ өсгөж, жил бүр 1000 гаруй төл хүлээн авдаг байна. Ийнхүү Цэнхэрмандалын малчид “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хошуучлагчид болж байна. 
 
Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан