“Алунгоо” шагналын эзэн Хэнтий аймгаас тодорлоо

Монголын эмэгтэйчүүдийн холбооны дээд “Алунгоо” шагналын эзнээр Хэнтий аймгийн Баянмөнх сумын гуравдугаар багийн малчин, Улсын аварга Д.Оюунчимэг тодорчээ.
Салбар бүртээ манлайлагч оны шилдэг эмэгтэйчүүдийг алдаршуулах уг ёслол хүндэтгэлийн наадам энэ жил 13 номинациар шилдгүүдээ шалгаруулсан байна. 
Д.Оюунчимэг нь 1995 оноос эхлэн Ж.Пүрэвчулуунтай гэр бүл болон Баянмөнх сумын гуравдугаар багт 24 дэх жилдээ мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа юм. Түүний амжилтаас цухас дурдвал, жил бүр 40 гаруй саалийн үнээг сааж гурван тн сүү цагаан идээг бэлтгэн зах зээлд борлуулан олсон орлогоороо нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт ажлуудыг өөрийн санаачилгаар хийж гүйцэтгэдэг аж. 
Тухайлбал, ЕБС, цэцэрлэгийн жил бүрийн цагаан идээг сүүлийн гурван жил дараалан үнэ төлбөргүйгээр нийлүүлжээ. Мөн цэцэрлэгт 32 инчийн LSD телевизор, ЕБС-ийн дотоод тохижилтод нэг сая төгрөг, ЭМТ-ийн дотоод тохижилтод 500000 төгрөг, Ерөөлч магтаалч Л.Агваанжамбалын нэрэмжит улсын уралдаанд нэг сая төгрөг, Түмэн адууны баярын үйл ажиллагаанд нэг сая төгрөг, ЗДТГ-ын үйл ажиллагаанд 10 хонь, Дулаан багийн үйл ажиллагаанд таван ямаа, хоёр сая төгрөг зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг байна.
Түүнчлэн залуу малчдыг малжуулах тал дээр онцгойлон анхаарч зургаан өрхийг дөрвөн жилийн хугацаанд 1800 толгой малаар малжуулан дөрвөн залуу малчны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жил дараалан төлсөн зэрэг үйлсийг дурдаж болох юм.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах, архины эсрэг, архины зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулж ирсний нэг нь Архигүй баярын ширээ уриатай "Алунгоо-2019" наадам байв.

Д.Одонтунгалаг


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан