Ч.Адъяа: Ахмадын өргөөтэй болсон цөөхөн аймгийн нэг нь Хэнтий


Хэнтий /МОНЦАМЭ/
Хэнтий аймгийн Ахмадын хорооны дарга Ч.Адъяатай уулзаж, Олон улсын ахмадын баярыг угтаж зохион байгуулсан ажлуудтай нь танилцлаа. 


Энэ жил аймгийн төр захиргаа болон хувийн хэвшлийн олон байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар ахмадын байгууллага уламжлал болсон олон ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал, аймгийн засаг даргын нэрэмжит софт волейбол, нийтийн бүжиг, явган аяллын тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулсан байна. Мөн Засаг даргын нэрэмжит урлагийн наадам, бүтээлч ахмадуудын үзэсгэлэнг Баян-Адарга суманд зохион байгуулж, 16 сумын 180 ахмад оролцжээ.

Уг наадамд Хэрлэн, Жаргалтхаан, Бор-Өндөр, Батноров сумын ахмадууд тэргүүлсэн байна. 

Аймгийн засаг даргын нэрэмжит софт волейболын тэмцээнд Баян-Адарга сум, Бэрх тосгон, Сариг баг, явган аяллын тэмцээнд Баянхутаг, Баянмөнх сум, нийтийн бүжгийн тэмцээнд Баянмөнх, Булаг багууд, Баян-Адарга сумын бүжигчид шалгарч Хэрлэн сумын Сариг баг нийт оноогоор тэргүүлж цом гардсан аж.

Хэрлэн сумын ахмадуудын дунд танилцах аялал зохион байгуулсан ба цаашид дотоодын аялал жуулчлалыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

Ахмад настны хууль гараад жил гаруй болж байгаа ч уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тэрбээр дурдлаа. Хуулийг эрчимжүүлэх Засгийн газрын 107, 221 тоот тогтоол гарсан. Мөн Засгийн газрын 197 тоот тогтоолоор “Ахмад настны сан байгуулах тухай” журам баталсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Улсын хэмжээнд Ховд, Өмнөговь болон Хэнтий аймаг ахмадын өргөөтэй болжээ. Ахмадын өргөө нь амралтын өдрөөс бусад бүх өдөр нээлттэй байж, ахмадуудаа хүлээн авч чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн аж. Түүнчлэн сар бүрийн 10, 26-ны өдөрлөгөөр ахмадуудаа алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулж, энэ ажлыг аймаг сумын төлөөлөгчид дэмжин хамтран ажилладаг байна.

Энэ онд сумдын ахмадын зөвлөлийн бүсчилсэн сургалт зөвлөлгөөнийг хийжээ. Мөн “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг хоёр удаа зохион байгуулж, нийт 1500 гаруйахмад настан оролцож хоёр ахмадыг гадаадад аялах эрхээр шагнаж, 10 азтан шалгаруулсан гэнэ. Хэнтий аймгийн Ахмадын хорооноос нийт ахмадууддаа сэтгэл нь жаргалтай, итгэл нь өөдрөг ажил үйлс нь амжилтаар бялхаж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөснийг уламжилъя. 

Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан