Монголчуудын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын Түмэн адуу-2019” эвент 11 дүгээр сарын 1-3-нд зургаа дахь жилдээ түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Батноров суманд болно.
БОАЖ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн компанийн дэмжлэгтэй “Мөнх харилцаа” ТББ-иас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн эвентэд улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус хоёр мянга гаруй адуун сүрэгтэйгээ оролцож буй нь энэ жилийн онцлог гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна. Мөн ӨМӨЗО-оос 50 гаруй адуучин оролцохоор бүртгүүлжээ.
Энэ үеэр 10 орчим сая төгрөгийн шагналын сантай "Шургуу-2019" тэмцээнийг аймаг бүрийн шилдэг 20 гаруй адуучдын дунд зохион байгуулах юм. Мөн Шилдэг уургач, Хэнтий аймгийн хурдан удмын санг тээгч, угшил сайт монгол гүүг шалгаруулах “Хэнтий аймгийн Шилмэл гүү” уралдааныг аймгийн хэмжээнд морь сонирхогч нарт зориулан зохион байгуулахаар хөтөлбөртөө шинээр тусгасан байна.
“Талын түмэн адуу" эвентийг Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гадаад, дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой аж.
“Талын түмэн адуу-2019” эвентийн хөтөлбөр
Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын тэмцээн
ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан
Хэнтий аймгийн хэмжээнд Шилмэл гүү шалгаруулалт
Адууны зүс нэршлийн танилцуулга
Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2019 тэмцээн
Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн
Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн
Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
Адууны хийморь гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн
Удамт Монгол хүүхдийн морьтон парад зохиогдоно
Баяр наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт
Ташрамд дурдахад, “Талын түмэн адуу-2018” эвентийг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Гурван өдрийн хугацаанд 2000 орчим дотоод, гадаадын жуулчид ирснээс Герман, АНУ, Их Британи, Австрали, Польш, Франц, Хятад, Япон, Монгол зэрэг 15 орны жуулчид наадмыг зорин иржээ.
Ж.Болор