Хэнтий аймгийн Чингис хот нийтийн тээврийн үйлчилгээг бий болгон эко цахилгаан автобусыг нэвтрүүлсэн байна. Одоогоор монгол инженерүүдийн гараар бүтсэн найман автобус Чингис хот дотор зургаан чиглэлд батлагдсан цаг, хуваарийн дагуу хүүхдэд 100, том хүнд 300 төгрөгөөр үйлчилж эхэлжээ. Цаашид уг автобусны тоог нь нэмэхээр төлөвлөж байгаа бөгөөд 50 автобусны буудлын зураг, шаардагдах төсвийг боловсруулан ирэх оны төсөвт тусгуулахаар болжээ.
УИХ-аар энэ асуудал дэмжигдвэл Чингис хот орчин үеийн шаардлага, өнгө үзэмжид нийцсэн автобусны буудалтай болж, нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн нэвтрэх боломжтой гэдгийг Чингис хотын удирдлагууд мэдээлж байна. Мөн тун удахгүй “Хэнтий трансфорт” ухаалаг аппликейшнийг суурилуулсанаар иргэд гар утаснаасаа автобусны зорчиж буй байршил, ирэх, явах цагийн тооцооллыг үзэж, цаг хэмнэх боломжтой болох аж.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 2500 төгрөгийн цахилгаанаар 100 км хүртэл явах хүчин чадалтай эдгээр цахилгаан автобуснууд тав тухтайгаас гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үнэ төлбөргүй үйлчилж байгаа ажээ.
Zindaa.mn