Чингис хотод эко автобус үйлчилгээнд явж эхэллээ


Хэнтий /МОНЦАМЭ/
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатын санаачилгаар эко цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүллээ.

Ингэснээр Хэнтий аймаг орон нутагт цахилгаан автобус нэвтрүүлж байгаа хоёр дахь аймаг болж байна. Нийт найман автобус ирсний хоёр нь нөөцөд, зургаа нь Чингис хот доторх зургаан чиглэлийн маршрутаар батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа юм. Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ намар автобусны цагийн хуваарь, үнэ тарифыг албан ёсоор тогтоох аж. Тэр болтол автобус туршилтын журмаар иргэдэд ажлын таван өдөр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна.

Энэ онд автобусыг улсын төсвийн хөрөнгөөр авах, угсрах, найман автобусны жолооч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэр дээр нь автобус угсралт, автотехникийн сургалтад тус тус хамруулжээ. Өнгөрсөн онд улсын төсөвт автобус худалдан авах хөрөнгө сууж, аймгийн ИТХ-аар уг автобусны гараашид зориулж 60 сая, нийтийн тээврийн нөхөн олговорт 20 сая төгрөг тусгагдсан байна. 

Харин ирэх оны төсөвт нийт 50 автобусны буудлын зураг, төсвийг хийлгүүлэн УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн гэнэ. Хэрэв дэмжигдвэл орчин үеийн шаардлага, хотын өнгө үзэмжид нийцсэн буудлууд баригдсанаар Чингис хотын нийтийн тээврийн үйлчилгээ цогцоороо шийдэгдэх аж.

Дашрамд дуулгахад, Чингис хот доторх автозамын барилгын ажлууд 11 дүгээр сард дуусах юм байна.

Монцамэ агентлагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан