Хариулт нэхсэн Цагаан захтнуудын хавтаст хэргүүд…

Хаврын хавсаргатай өдрүүд зуны саруудад ч үргэлжилж байгаа шиг улс төр болон хууль хүчний салбарт нь ёстой л улаан шуурга тавьж эхэллээ. Орчны газар харагдахаа болиод нүүр нүдгүй шороогоор балбаж эхлэхийг манайхан “нүдгүй улаан шуурга” тавилаа гэдэг сэн. Ийм л юм болж байна, Монголд. Улс төр бүхэлдээ С.Зориг агснаар амьсгалж байгаа энэ өдрүүдэд хүчний байгууллагынхан тэднээс огт дутахгүйгээр эдийн засгийн ноцтой хэргүүдийн араас орж олны анхаарал татсан хэргүүдэд ял өгч эхлэх гэж байна.
Жирийн нэгэнтэй бус төрийн томчуултай холбоотой хэргүүд илэрч, татагдсан сэжигтнүүд түрүүчээсээ шууд л хоригдож эхлэв. Цагаан захтнуудын авилга хээл хахуулийн хэрэг ар араасаа шийдэгдсээр. Энэ эрчээ алдахгүй байвал төрөөс төрсөн тэрбумтны асуудал их газар авахгүйгээр нэг тийш болчихмоор ч юм шиг. Юутай ч Монголын төр авилгатай тэмцээд эхэлсэн нь зах зухаасаа олны өмнө харагдаж байна. Сайшаалтай хэрэг. Сүүлийн үед томчуудтай холбоотой но-той, ноцтой хэргүүд илрээд байгаа нь сайн ч гэлээ эргэцүүлээд бодоод байхаар ойлгогдохгүй асуултын тэмдгүүд их байна. Өөрөөр хэлбэл, хариулт нэхсэн том том асуултын тэмдгүүд гэсэн үг. Тухайлбал,
-Эрдэнэт”-ийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлж зээл авсан "Жаст"-ийн захирал Ш.Батхүүгийн хэрэг
-Монголбанкыг гурван их наяд төгрөгөөр хохироосон Н.Золжаргалын асуудал
-Хөгжлийн банкнаас олгосон их хэмжээний зээлийн тухай асуудал
-Төрийн банкнаас нэг өдрийн дотор шийдвэр гаргаж, БНХАУ-ын "Шинжиан Шинфа" компанид олгосон 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан гэх асуудал
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гүйцэтгэгчдийг илрүүлсэн гэх хэрэг
-ЖДҮ-чин гишүүдийн хэрэг
-“Хан ресурс” ХХК-тай холбоотой хэргийг Олон улсын арбитрын шүүхэд ялагдуулсан асуудал
-Оффшортой холбоотой С.Баярцогтын хэрэг
-Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулан шалгасан асуудал
-“АСЕМ”-ын үеэр мөнгө завшсан гэх хэрэг
-“Төрийн сан хөмрөг”-өөс алдагдсан гэх уран зураг, бусад эд зүйл, Тоочоод байвал цагаан захтануудын холбогдсон тоо тоймгүй эдийн засгийн гэит хэргүүд шил шилээ даран хүлээж байна.Энэ бүхнээс харахад 2020 оны сонгуультай зэрэгцээд шуугиан тарьсан дээрх хэргүүд шуурга шиг дэгдэж зарим нэгнийг нь яллах нь гарцаагүй. Хамгийн гол дээр дурдсан хэргүүд бүгд улстөрчдийн нэр холбогдсон хэргүүд учраас ямар нэгэн тохиролцоо, түлхэлцээн дээр зарим нь цагаадаж гэмт хэрэгтэн биш болж хувирах магадлал тун өндөр.
Үнэндээ хэдхэн гэр бүл, хамаатан садан нийлж Монголын хамаг баялгийг цөлмөчихөөд дургүйгээ хүрэхээр дотроо хагаралдаж, гэдсэндээ хөлөө жийлцээд, хэн нэгнийхээ хэргийг ил гаргасан болж бие биенээ сүрдүүлээд байгаа юм шиг хиймэл харагдаад буйг нуух юун. Болдогсон бол татвар нэрээр муусайн луйварчдад татаас өгдгөө болимоор байна.
Төр буй дор татвар буй гэдэг. Үнэндээ тэр Төр нэрийн дор Луйварчид буй дор татвар буй болчихоод байгаа юм биш үү... Хариулт нэхсэн энэ олон асуултад хэн хариулах вэ, хэрхэн яаж шийдэгдэх бол гэсэн асуултын тэмдэг хөвөрч байна.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан