Монголчуудаас айгаад хятадууд Цагаан хэрэм барьсан нь Мексикчүүдээс болгоомжлоод АНУ төмөр хана барьсан гэдэгтэй адил сонсогдох болов уу. Иргэд маань интернэт хэрэглэдэг, малчид нарны панелиар гэрэл асаадаг гэхмэтчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярилаа. Монгол Улс хоёр хөрш гүрнийхээ талаар гуравдагч улсад очоод яриад байх нь зохимжтой бус. Харин АНУ-ын явуулж буй эдийн засгийн бодлоготой уялдуулан оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн экспортоор оруулах талаар ярих нь чухал юм. Энэ уулзалтаар улс төрийн гэхээсээ эдийн засгийн уулзалтууд голлон хийгдээсэй. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн Азиас буюу Монгол, Узбекстанаас авах асуудал Конгресс дээр гацаад гурван жилийн нүүр үзэж байгаа юм. Урьд нь Монгол Улсад ийм боломжийг АНУ-аас олгосон ч хятадууд "Монголд үйлдвэрлэв" гэсэн барааг Улаанбаатар хийн татваргүй оруулдаг нь илэрч зогссон билээ. Ойролцоогоор 100 мянган иргэн шууд ажлын байртай энэ салбарт дахин ороход АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нөлөө асар их юм.
А.Гантулга