Хөгжлийн банкаар хөлжигчид


Хэд, хэдэн Засгийн газрын нүүрийг үзсэн ч эдүгээ асуудал нь олны анхааралд байсаар ирсэн Хөгжлийн банкнаас санхүүжсэн төслүүдийг хууль хяналтынхан шалгасаар байна. Хамгийн анх Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр энэ талаар хэвлэлд ярьжээ. Тэрээр “Хөгжлийн банкны шалгалт маш өргөн цар хүрээг хамарсан ноцтой асуудал руу орсон. 1.3 их наяд төгрөгтэй холбоотой зөрчил илэрсэн. 60 тэрбум гэж яриад байгаагаас 20 дахин их мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг бараг айл бүрт приус машин авч өгөх хэмжээний мөнгө…” гэсэн байна.
Ерөнхий прокурорын тушаалаар АТГ, тагнуул, цагдаагийн хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй баг Хөгжлийн банктай холбоотой хэрэг зэрэг томоохон хэргүүдийг шалгаж байгаа юм. АТГ-аас өнгөрсөн сард хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хөгжлийн банкны эх үүсвэртэй хэргүүдийг салгаж 30 хавтаст хэрэг нээн шалгаж байгааг мэдэгдсэн юм. Эхнээсээ шүүхэд шилжээд байна.
Монгол Улсын нийт төсвийн 3/1-тэй тэнцэхүйц ийм их хэмжээний мөнгийг үргүй зарцуулсан 30 хавтаст хэргийн эзэд хэн байв гэдгийг тодруулах гээд үзье.
Хавтаст хэрэг-1:
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэг. Тодруулбал, Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-ийн гүйцэтгэж байсан Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын санхүүжилтийг нэмж батлуулан Хөгжлийн банкнаас 46.3 тэрбум төгрөгийг гаргуулан шууд “Монроуд” ХХК руу шилжүүлсэн гэдэг юм. Түүгээр зогсохгүй Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь ТЭЗҮ хийгдэж байсан бөгөөд 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай ХХК-д шууд шилжүүлсэн хэргийг 2014 оноос шалгаж эхэлсан байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наяд төгрөгийн зөрчлийн 80 орчим тэрбумын асуудал ийм юм. Хуулийнхан 2014 онд шалгаж эхэлсэн хэрэг хамгийн сүүлд буюу 2017 оны 3 дугаар сарын 9-нд Н.Батбаярыг яллагдагчаар татсан мэдээллээс өөрөөр сураг алдарсан. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар тодорхой хугацаанд цагдан хоригдоод батлан даалтад гарсан байдаг.
Хавтаст хэрэг-2:
Албан тушаалаа хэтрүүлсэн сайд нарын эгнээг Эрчим хүчний сайд М.Сономпил нэмжээ. Тэрээр “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпорац” компанийнхан “Амгалан” дулааны станцыг 60 сая ам.доллароор барьж ашиглалтад оруулах үнийн санал өгсөн ч гэрээ байгуулах явцад үнийн дүнг 75.9 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, тухайн гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлсөн нь батлагдсан гэдэг.
Түүгээр зогсохгүй Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан хэрэгт ч салбарын сайд холбогдсон байх юм. Прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд удаагүй байна.
Хавтаст хэрэг-3:
Хөгжлийн банкнаас эхтэй дараагийн хэрэг нь Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатарын хэрэг юм. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгасан. Улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150.000.000 төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэмээн АТГ-аас буруутган яллагдагчаар татсан. Энэ хэрэгт Ц.Оюунбаатараас гадна түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байгаа юм. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.
Хавтаст хэрэг-4:
Нийслэлийг захирах хугацаандаа өмнөх удирдлагуудаас хамгийн их нэр хүндтэй байсан Хотын дарга асан Э.Бат-Үүл Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “гэмт хэрэг”-үүдийг нэгээр нэмсэн байх юм. Түүнийг эдүгээ ТОСК-ийн захирал асан А.Гантулгын хамтаар шүүхийн танхимд дуудаж ял уншихад тун ойрхон байна. Шүүх хурал өнөөдөр болохоор тов гараад буй.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлж ТОСК-ийн гүйцэтгэсэн орон сууцны төслүүдийн явцад тус корпорацийн захирал А.Гантулга  албан тушаалаа урвуулж барилгын компанитай хууль бус гэрээ байгуулан охиныхоо дансаар их хэмжээний мөнгө авсан гэгддэг. Энэ үйлдэлд Хотын дарга асан Э.Бат-Үүл холбогдсон юм. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авсныг хуулийн байгууллага шалгаж тогтоогоод байгаа юм.
Хавтаст хэрэг-5:
Монгол Улсын хөгжилд түлхэц өгөхүйц томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банкны хөрөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон улсын хөрөнгийг шамшигдуулсан хэргийн нэгдүгээр эзэн тус банкны захирал Н.Мөнхбат байв. Хууль хяналтынхан Хөгжлийн банктай холбоотой түүний хууль бус үйлдэл нэг бус гэдгийг баталсан юм. АТГ-аас 2015 онд Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг буруутгасан хэргүүдийн нэг нь “Монгол газар” компанийн оффисын байрыг барьцаалж зээл олгосон явдал байв. Тухайн үед Монгол газар компани дампуурлаа зарласан байсан бөгөөд зээлээ эргэн төлөх чадваргүй компанид 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл болжээ.
Хөгжлийн банк 2015 онд Худалдаа хөгжлийн банкны оффисийн барилгыг худалдан авах болсон нь олон нийтийн дунд дуулиан дэгдэв. Төрийн санхүүжилттэй банк 27.5 тэрбум төгрөгөөр оффисийн барилга худалдаж авсан нь түмний дургүйцлийг аргагүй хүргэсэн хэрэг. Төрийн мөнгөөр жаалсан энэхүү худалдан авалт нь өөрөө хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан нь Н.Мөнхбатын хавтаст хэрэг нэмэгдэх нэг шалтгаан байжээ. Тодруулбал, оффисийн барилгыг худалдан авах хууль бус тогтоол баталж зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж хуулийнхан тогтоожээ. Тэрээр бас Хөгжлийн банкин дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны баникинд хугацаатай байршуулах шийдвэр гаргаж буцаан татах шаардлага үүсээгүй байхад хугацаанаас өмнө буцаан татсанаар Хөгжлийн банкинд 4.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Өнөөдөр уг хэргийн шалгалт хэрхэн үргэлжилж байгаа нь тодорхойгүй байна.
Ямартаа ч Хөгжлийн банкаар овоглосон хэргүүд эхнээсээ шүүхийн шатанд ирж байна.
Эх сурвалж: news1.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан