ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН “ТӨЛӨӨХ” ТЭМЦЭЛ ЭХЭЛЛЭЭ


Өнөөдрийн он тооллоос хоёр жилийн өмнө парламентад Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг баталсан. Эрүүгийн хуулийн хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол Зөрчлийн хуулийн тухайд шинэчилсэн найруулгаар баталсан байдаг. Гэвч сүүлийн үед Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Тодруулбал, цагаан захтнуудын хэрэг буюу авлига албан тушаалын гэмт хэргүүд ял завших боломжийг хуулиар нээгээд өгчихсөн гэж байгаа. Тодруулбал 2017 онд эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг багасгасан байгаа юм. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг нэн даруй өөрчлөх шаардлага тулгараад буй. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хууль засвар хийсэн үндэслэлээр намаасаа дэмжлэг авч чадахгүйд хүрч, намаасаа гарах өргөдлөө өгөөд байна. Иймээс УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гараад тухайн зүйл заалтад хэн өөрчлөлт оруулсныг тодруулахаар ажиллаж эхэлсэн.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, Хуул зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Шулуухан хэлье. Эрүүгийн хуулийг бүхлээр нь өөрчлөх шаардлагатай. Буруу хууль гаргасан. Эрүүгийн хуулийн нэг утас хөвөрдөхөөр дагаад бүгд хөвөрддөг. Болохгүй гэсээр байтал хүчээр түрий барьж баталсан. Зөрчлийн хуулийг яг ингэж 2017 онд баталсан. Нэгтгэж байж оруулж ирнэ. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Яамдаас санал аваад эргэлтэд оруулах гэж байна. Эрүүгийн хуулийг нэг зүйл хөдөлгөвөл хөвөрчихдөг юм. Эх захгүй зүйлийг та нар хийсэн, Х.Нямбаатар аа. Би цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу зүйл хийчихээд, галзуу зүйл хийсэн хүнээс биш надаас асуудгаа болиорой. 400 хуульч цуглуулж хэлэлцүүлэг хийсэн гэдэг чинь худлаа. Эх захгүй юмыг Х.Нямбаатар та нар хийсэн. Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү” хэмээн чуулганы хуралдааны үеэр мэдэгдэв. 
Аливаа хууль, тогтоомжийг баталснаас хойш нийгмийн амьдралд хэрэгжүүлэх явцад тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Яг энэ жишгээр 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Харин одоо хоёрхон жилийн өмнө батлагдсан хуулийг бүхлээр өөрчлөх нь. Энэ хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлан ажиллаж байсан. Иймээс Ц.Нямдорж сайд түүнээс ийнхүү хариуцлага асууж байна. Тэгвэл өөрийн батлуулсан хуулиа хамгаалж, үлдэх үү, бүхлээр нь өөрчлүүлэх гэх асуудал урган гараад байна. Тиймээс ирэх өдрүүдэд Эрүүгийн хуулийг өөрчлөх, эс өөрчлөх тухай тэмцэл өрнөх нь ээ. 
 
П.АНИР 
Оллоо.мн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан