Хэрлэн сумын ЗДТГ энэ онд аймаг, сумын төсвөөр Тамгын газрын дээврийн засварыг 50 сая төгрөгөөр, дотор заслыг 94 сая төгрөгөөр, гадна пасад, сан, иргэний танхимын засварыг 50 сая төгрөгөөр тус тус гүйцэтгүүлжээ. Ингэснээр ажилчдын ажиллах орчин, иргэдэд үйлчлэх байрны тохижилтын ажил дуусчээ.
Барилгын материалын үнэ өссөн, цар тахлын хүндрэлтэй цаг үед бага төсвөөр их ажлыг амжуулах, байгууллагын өнгө үзэмжийг нэмэх нь амаргүй хэдий ч зайлшгүй ажлын нэг байсныг сумын Засаг дарга онцолж байлаа. Мөн бүх ажилтан албан хаагчдаа ижил хувцсаар жигдрүүлж байгууллагын норм стандартыг чанд мөрдүүлэх, иргэдэд угтах үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ.
Хэрлэн сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тус суманд ажиллах үеэрээ ЗДТГ-ын байрны засвартай танилцаж, Иргэний танхимыг тохижуулахад анхаарч, ирэх оны төсөвт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Ингэснээр Хэрлэн сум, Чингис хотын захиргаа ая тухтай орчинд ард иргэддээ угтах үйлчилгээгээр сэтгэл ханамжтай төрийн үйлчилгээг ойртуулахаар төлөвлөж байна.