Хэрлэн сумын ЗДТГ-ын доод давхарт "Байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжийн сургалт, үзэсгэлэнгийн танхим" байгуулж, үйл ажиллагааг нээлээ.
Тус сумын ЗДТГ, Хэрлэн голын сав газрын захиргаа хамтран Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр II хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр уг танхимыг байгуулсан аж.
Иргэд энэхүү танхимаас гэр хорооллын хөрсний бохирдол хэрхэн явагддаг, үүнээс сэргийлэх ариун цэврийн байгууламжийн эко шинэ шийдлүүдтэй танилцах, хэрхэн ашиглах, суурилуулах талаар сургалт мэдээлэл авах боломжтой юм байна. Нээлтийн үйл ажиллагааг "COVID-19" халдвараас сэргийлэх хорио цээрийн дэглэмийн дагуу зохион байгуулав.
Чингис хотын 5000 гаруй өрхийн 70-80 хувь нь гэр хороололд амьдарч нүхэн жорлон ашигладаг нь хөрсний бохирдол үүсгэх, цаашлаад Хэрлэн голын экологийн асуудлыг хурцаар хөндөх болсоор удаж байгаа юм.
Д.Одонтунгалаг