Жилд нэг тэрбум 400 мянган төгрөг улсын төсөвт оруулдаг


Хэрлэн голын сав газрын захиргаа 2013 онд Багануур дүүрэгт анх байгуулагдаж, 2015 оны гуравдугаар сард төвийг нь Чингис хотод нүүлгэн авчирчээ. Хэрлэн голын сав газрын захиргаа нь БОАЖЯ-ны харьяа төрийн захиргааны байгууллага бөгөөд нийт есөн орон тоотой. Төв, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 42 сум, Багануур дүүргийг хамарч үйл ажиллагаа явуулдаг байна.
Хэрлэн голын сав газрын захиргаа нь сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Тус сав газрын хэмжээнд 398 нуур, 245 гол, 630 булаг шанд, 3570 худаг уст цэг мэдээллийн санд бүртгэгдэж, жилд ус ашиглагч байгууллагуудаас нэг тэрбум 400 мянган төгрөг улсын төсөвт оруулдаг бөгөөд энэ бүгдэд дүгнэлт гаргуулах, гаргах зөвшөөрөл олгох, гэрээ хийх, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байна.
Тус газраас авч хэрэгжүүлсэн томоохон ажил асуудлыг дурдвал,
-Хэрлэн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулжээ.
-Хэнтий, Дорнод аймгийн нийт усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, төв суурин газрын хүн амын ундны усны зориулалт бүхий худгуудын эрүүл ахуйн хязгаарлалтын ба хориглолтын бүсийг тогтоогоод байна.
-“Бид нэг голынхон” хөтөлбөрийг боловсруулж гурван аймгийн ИТХ-аар дэмжүүлж, хөтөлбөрт хамрагдах 5 аймаг, 1 дүүрэг, 21 сумдад танилцуулан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хоёр жил тутам дүгнэх ажлын хүрээнд өнгөрсөн онд Баян-Овоо суманд 19 сумын 160 гаруй хүнийг хамруулсан өдөрлөг, сургалт зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд Баян-Овоо сум тэргүүлж 1.0 сая төгрөг, тэргүүний багаар Баянмөнх сумын Дулаан баг шалгарч 500 мянган төгрөгөөр шагнуулжээ.
-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтарч “Хоггүй Хэрлэнгийн төлөө хамтдаа” аяныг зохион байгуулж Хэрлэн голоо эзэнжүүлж орчны цэвэрлэгээ хийх талбайг Хэнтий, Дорнод аймаг, Багануур дүүрэгт байгууллага, иргэн, нөхөрлөл, малчдын бүлэгт хуваарилан цэвэрлэгээг жилд 1-2 удаа тогтмол хийдэг болжээ.
-Төв суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах, иргэд өмчилж авсан газартаа олон арван жил эрүүл саруул амьдран суух гол нөхцөл болсон ариун цэврийн байгууламжийг өөрчлөх уриа дэвшүүлж Чингис хотод ариун цэврийн байгууламжийн шийдлийг харуулсан кабинетыг Хэрлэн сумын ЗДТГ, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хэнтий аймаг дахь салбартай хамтран байгуулжээ.

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан