Хэрлэн сумын нэгдүгээр багийн "Банкны байрны дахин төлөвлөлт"-ийн 174 айлын орон сууцны оршин суугчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой болжээ.
Тус гэрээг үзэглэх үйл ажиллагаанд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Төрийн банкны Хэнтий салбарын захирал Б.Юучбиш нар оролцож, санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны хавар амласан банкны байрны 174 айлын орон сууцыг ипотекийн зээлд хамруулах шийдвэр албан ёсоор баталгаажиж байна.
Дахин төлөвлөлтийн ажил одоогийн байдлаар аймгийн ИТХ-аар төсөв нь батлагдаж, зураг төсөв нь бэлэн болжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр улсын төсвийн 650 сая төгрөгөөр цахилгаан, бохир, холбооны шугамуудыг нь тавьж, дэд бүтцийн ажлууд үндсэндээ дуусчээ. Мөн 2020 оны аймгийн төсөвт 400 сая төгрөгөөр уурын зуухны асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр Хэнтий аймгийн "Мөнхтулга" ХХК, "Дархандуулга" ХХК шалгараад байгаа бөгөөд гүйцэтгэгч компаниуд, оршин суугчдын зөвшилцөл, гурвалсан гэрээ хийснээр барилгын ажил эхлэх аж.
Д.Одонтунгалаг