Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Банкны” гэж нэршсэн байрнуудын оршин суугчдыг хотын соёлд суралцахыг уриалав.
Учир нь тэд ил задгай хог асган, амьдарч буй орчноо бохирдуулж, хур хог үүсгээд бусдаар цэвэрлүүлдгээрээ алдартай. Энэ нь бүр уламжлал болсон гэхэд болно. Энэ хавар дэлхий даяар аймшигт шинэ төрлийн вируст өвчин дэгдэж байхад аанай л энэ хавийнхан “алдарт” хогоо үүсгэчихээд хээвнэг сууцгааж байхтай аймгийн телевизийн сэтгүүлчид таарч хонх дуугаргаснаар Хот тохижилтынхон хүч нэмэгдүүлэн ирж ажиллаж, хогийг нь ачиж цэвэрлэж өглөө.
Бараг хотын төв дунд үүсдэг уг хогийг Хот тохижилтын ажилчдаас гадна цагдаагийн газрын эрүүлжүүлэн баривчлах байранд саатуулагдсан иргэдийг дайчлан цэвэрлүүлжээ. Энд Хэрлэн сумын нэгдүгээр багийн хэсгийн байцаагч хяналт тавьж ажилладаг хэдий ч иргэд ихэвчлэн хогоо шөнө дөлөөр хулгайгаар асгадаг байна. Иймээс энэ орчинд хяналтын камер тавьж үзсэн ч оршин суугчид өөрсдөө хулгайлаад авчихдаг, өнөөдөр цэвэрлээд өглөө гэхэд маргааш нь хог хаячихдаг тун ч урамгүй дээ гэж хэсгийн ахлагч нь ярьж байна.
Ямартаа ч энд хогийн цэг биш учир иргэд хогоо зориулалтын саванд асгах, мөн ойр хавийн байгууллагууд нь хогны машинд дор бүр нь ачуулах, аль эсвэл оршин суугчид хашаанаасаа хогийн машинд тогтмол ачуулж сурах зэргээр хотын соёлд суралцмаар байгааг иргэд хэлж байна.
Д.Одонтунгалаг