Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан "Андлалын өргөө" хөшөөг нурааж буй. Учир нь тус бүтээн байгуулалтын эх зургийг гаргасан зураач нь нас барсан тул уг бүтээн байгуулалт цааш үргэлжлэх боломжгүй болсон. Тодруулбал, талийгаачийн ар гэрийнхний зүгээс иргэдийн дооглож, шоглосон байдлыг тэвчихгүй тул уг бүтээлийг ашиглуулах боломжгүй гэсэн юм.
Харин уг бүтээн байгуулалтыг хийж байсан "Хос санаа" ХХК нь тус барилгыг барихдаа зарцуулсан 1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан шилжүүлсэн. Цар тахлын хүнд үед ийм хурдан мөнгөө шилжүүлсэн нь ардаа том эзэнтэй, ямар нэгэн улстөрчид байсан юм биш биз гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа юм.
Энэ талаар БОАЖ-ын сайд Ц.Уртнасан "Тус бүтээлийг ар гэрийнхэн нь ашиглуулахгүй гэх гомдол гаргасан. Бид хуульчдыг баг ажиллуулсан. Хувийн хэвшлийн болон БОАЖЯ-ны хуулийн хэлтэс өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ажиллаж, хууль эрхзүйн бүх үндэслэлийг гаргаж ирсэн. Улмаар оюуны өмчийг бүтээсэн эзэн нь нас барсан тул цаашид ажиллах боломжгүй, хуулийн шаардлага үүсэхгүй байна гэж хэлсэн. Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд төсөв батлах үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дэмжсэн асуудал бий. Гүйцэтгэл буюу "Хос санаа" ХХК-тай хамаарал бүхий байдлаар улстөржүүлж байгаа асуудалд цэг тавих шаардлагатай. Гүйцэтгэгч компанитай Хэнтий аймгаас сонгогдсон хэн нэгэн гишүүн, улстөрч хамаарал бүхий байгаа нь тогтоогдоогүй. Гагцхүү гурван талт хэлэлцээрийн хүрээнд давагдашгүй нөхцөл байдал үүссэн юм" гэлээ.