Ажил дуусах яагаа ч үгүй байна лээ. Олон хүний нөр их хөдөлмөр, ур ухаан шингэж байгаа бүтээн байгуулалтыг ойроос үзээд ирлээ.
Их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх сумдад нийт зургаан цогцолбор байгуулагдах юм. 13-р зууны үеийн түүх, соёлыг харуулсан эдгээр цогцолбор бүхэлдээ “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан”-аар овоглосон түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болох юм. Бүтээн байгуулалтын ажлыг 2023 он гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр нь хүн төвтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр орууулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
1. “Монголын нууц товчоо” цогцолбор Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалт юм. 27 метр өндөртэй энэ цогцолбор есөн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй байна. Дотор нь “Монголын нууц товчооны Дэлхийн ном” музейг байгуулж, нууц товчооны 30 хэлээр хэвлэгдсэн 300 гаруй номыг байршуулна. Эзэн Чингийсийн “Аураг” ордон байсан Хөдөө аралд архелогийн судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхим, Ауруг ордын туурь, Монголын нууц товчоо дурсгалын хөшөө, Цагаан сүргийн тахилгын өргөө зэргийг Монголын нууц товчоо цогцолборт шийдэж өгөх юм байна.
2. “Их хуралдай цогцолбор” Хэнтий аймгийн Биндэр суманд баригдаж байна. 1206 онд Монгол төрийн Их хуралдай Биндэрт хуралдсан гэдгийг түүхчид судалж, тогтоосон байдаг. Энэ үүднээс Их хуралдай цогцолборыг Биндэр суманд байгуулахаар болжээ. Нийт 125 га газрыг хамруулан байгаль орчны унаган төрхийг тодотгож, МУУГЗ Д. Төртогтох зохиомжийг нь гаргасан байна. Их монгол улс гал голомтоо бадраасан энэ нутагт есөн хөлт цагаан тугийн билэгдэлт байгууламжийг барьж байгаа юм. Цогцолборын гол өргөө нь 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, мөнгөлөг цагаан ордон байна. Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д. Төртогтох хэлэхдээ “Монгол улсад байх хамгийн их сийлбэртэй бүтээн байгуулалт хуримын ордон байдаг бол тун удахгүй хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалтаар “Их хуралдай цогцолбор нэрлэгдэнэ” гэлээ. Энд эзэн Чингисийн гол голомтын үнс,цучил анх удаа тавигдана.
3. “Их эзэн Чингис хаан” цогцолбор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн Дадал суманд баригдана. Одоогоор зургийн ажил явагдаж байна. Цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үндсэн байгууламж нийт 4000 м2. Энд тахилын сүм, үзэсгэлэнгийн танхим, кафе, музей, дижитал үзмэр, бэлэг дурсгалын дэлгүүр, 250 хүний багтаамжтай амфитеатр гэсэн хэсгүүд байх юм.
4. “Шихихутуг- Их засаг хууль” цогцолбор Норовлин суманд баригдана. Их заргач Шихихутагийн нутгаас гадна Монголын нууц товчоо, Их засаг хууль зэрэг хосгүй эх сурвалжууд бичигдсэн газар гэдгээр нь Норовлин сумыг сонгожээ. Цогцолборын гол бэлэгдэл болсон хөшөөг жигүүрт мориор дүрсэлжээ. Тус цогцолборын барилга нь 60 метр урт, 9 метр өндөртэй өвөрмөц хийцтэй байгууламж байх юм. “Шихихутуг” цогцолборт номын сан, ёслол хүндэтгэлийн өргөө, музей зэрэг хэсгүүд байх юм. Энэ онд багтаж музейн сургалт судалгааны төвийн барилгын ажил, гадна шугам сүлжээ зэргийг хийж дуусгахаар төлөвлөжээ. Одоо ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байна.
5. Хүлэг баатар Боорчи 2 Андын барилдлага” цогцолбор Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байна. Энэ цогцолборын гол хэсэг болох “Андын барилдлага” өргөө газраас доош гурван метр, газраас дээш 18, нийт 21 метрийн өндөртэй . Харьцуулбал зургаан давхар барилгатай дүйцэхүйц хэмжээтэй юм. Энэ өргөө дуулга тулган золгож, тэнгэрийн нэрийг барин андгайлж байгаа хоёр баатрыг илэрхийлжээ. Байгууламжийн гаднах дүр зураг Бөртэ чоно, Гуа маралыг билэгдсэн хоёр чоно тэнгэр өөд цоройж байгааг илэрхийлнэ. Өргөө дотор өв соёлын музей байгуулж 13-р зууны үеийн ховор үзмэрүүдийг анх удаа дэлгэхээр төлөвлөжээ. Үзмэрүүд болон археологийн олдворууд манай улсад хадгалагдаж буйг холбогдох албаныхан ярьж байгаа юм. Одоо цагийн эрчүүд ч уламжлалт ёсоор өргөөний хамгийн дээд хэсэгт гарч, эртний ёсоор анд барилдаж болохуйцаар дотоод орчныг шийджээ.
6. Монголын далд уул уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” цогцолбор Бэрх тосгонд байгуулагдана. Энэ цогцолборыг уул уурхайн яам хариуцаж байгаа юм. Бэрхийн уурхайн уулын цех, үйлдвэрт ашиглаж байсан босоо ам, өргөх байгууламж, баяжуулах цех, тэдгээрт хадгалагдаж үлдсэн техник, тоног төхөөрөмж, уурхайн бусад хэсгийн барилга, байгууламжуудаас гадна салбарын инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж байсан туршлага, түүхэнд үндэслэн энэ цогцолборыг байгуулахаар болжээ.
Эдгээр зургаан цогцолборыг уялдаа холбоотой байгуулснаар Монгол улсад түүхэн аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэж байна.Олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхэд залуучуудад Монголын түүх, соёлыг үнэн, бодитоор таниулах, үзэж харах боломжийг бүрдүүлэх нь эдгээр цогцолборыг барьж байгуулж байгаа гол зорилго гэж тодорхойлж болно. Мөн орон нутагт шууд ажлын байрыг олноор бий болгож, нутгийн иргэдийн орлогыг 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй томоохон бүтээн байгуулалт 3 жилийн дараа бодит ажил хэрэг болох юм. Эхэлсэн даруйд нь мушгин гуйвуулж байгаад харамсч байна.
Эхлээд ажил дуусга. Дараа нь шүүмжил.
Т.Амаржаргал