Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор хэмээх байгууламжийг босгосон билээ.
Түүхэн аялал жуулчлалын цогцолбор гэхэд ичмээр энэ газрын зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим хуудсаар тархаж олон нийтийн шүүмжлэлийн бай боллоо. Энэхүү цогцолборыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилж, Батноров суманд Эхэн бүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт босгоно хэмээн 2018 оны зургаадугаар сард шавыг нь тавьж, хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй гэдгийг хэлж байв.
2018 онд дээрх мөнгөний 1.4 тэрбумыг улсын төсвөөс гаргуулж, 2019 онд үлдсэн 600 сая төгрөгийг гаргуулсан байдаг. 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө Их Эзэн Чингис хааны өлгий нутгийг зорин ирсэн гадаад, дотоодын жуулчдын заавал үзэх ёстой газрын нэг байхаар бүтээн байгуулалтын ажлыг анх эхлүүлж байв.
Энэ баримлын зохиомжийг алдарт моритой хөшөө буюу Цонжин болдог, Их майдар зэрэг олон шилдэг бүтээлийг амилуулж байсан дизайнер Д.Эрдэмбилэг агсан гаргажээ.
- Монгол гэр
- Дээшээ харан ульж байгаа чоно
- Хоёр баатар эр
- Суварга гэсэн олон санааг агуулсан бүтээл байсан хэдий ч хөшөөний гүйцэтгэл огт өөр байгааг доорх зургаас харж болно.
Энэ талаар шог зураач С.Цогтбаяр "Уг санаа зорилго нь эхэндээ зөв байж болох болов ч төсөл хэрэгжүүлэх явцдаа загвар дизайнаа, туслан гүйцэтгэгчээ зөв сонгохгүй, эцсийн гүйцэтгэлд хяналт тавьж чадамжгүй, төсөвлөсөн мөнгөнд завсар дундын цавчаа их орж, мэргэжлийн бус сайн дурынхан зориулалтын бус материалаар халтуурдсан зэрэг алдаануудын үр дүнд шавар цементэн овоолго нэмэгдсээр. Монголд юу л байна зураач барималчид, гарын уртай авьяастнууд байна. Ямар сайндаа Өвөрмонголд өрнөж буй том бүтээн байгуулалтуудад ихэнхид нь манай бүтээлчдийн ур ухаан шингэж байхав. Эндээ харин эсрэгээрээ байх юм. Мэргэжлийн байгууллага холбоод болон авьяас чадвартай ч ажил олдохгүй сууж байгаа уран бүтээлчдээ илүүтэйгээр давуу эрхтэй оролцуулж эх загвар батлахаас нь өгсүүлээд гүйцэтгэлийн явц чанарт нь дүгнэлт гаргуулж хянуулж батлуулж байдаг үзэл суртлын гэхээсээ уран сайхан, гоо зүй, чадвар гүйцэтгэлийн цензурын бүтэц комисстой болмоор байна. Ёслол хүндэтгэлийн обьект, хөшөө дурсгалыг насжилт болоод чанарыг шаардлага хангахгүй хямд төсөр шавар цемент, замаск хуванцраар барьдаг өрөөсгөл хандлагуудыг бүрэн таслан зогсоомоор байна. Хотоор дүүрэн хугархай хэмхэрхий баримлаар дүүрлээ" гэж бичжээ.
Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын төв болгохоор бүтээн байгуулсан хөшөө Андлалын өргөө биш юм. Хэнтий аймгийн Баян-Адарга "Хатдын өргөө" нэртэй цогцолбор байгуулсан. Тус бүтээн байгуулалт дууссанаар 15 хүн байнгын ажлын байртай болж, жилдээ гадаад, дотоодын 30-50 мянган жуулчин Баян-Адарга сумыг зорьдог болно хэмээн ирээдүйн зураглалаа танилцуулж байж. Гэтэл одоо тус цогцолбор хүнгүй шахам, гол барилга нь ажиллагаагүй болжээ.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын "Хатдын өргөө” цогцолбор
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд баригдсан бөхийн хөшөө
АСЕМ-ын нэрэмжит хүрэл цутгамал "Тэнгэрийн өрх” хөшөө
Хэдэн зуун сая төгрөг зарцуулж босгосон эдгээр хаалгаа монголчууд бүтээн байгуулалт, хөгжлийн илрэл гэж ойлгодог нь харамсалтай. Энэ чигээрээ явсаар байвал Монгол Улс удахгүй энд тэндгүй баахан сүртэй хөшөөтэй болох шинжтэй.
Орон нутагт хэдэн хөшөөнөөс илүүтэй хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалт хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Тухайлбал гудамжны гэрэлтүүлэг, зам тохижилт, цэцэрлэг, сургууль, соёл амралтын төв босгох гэх зэрэг.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг хоёр жил тутамд гаргадаг. Энэ үнэлгээгээр аймгуудын хамгийн тулгамдсан асуудлын тоонд ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжих, хөрөнгө оруулалт татах, хог хаягдал гэх мэт нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, боловсон хүчнээ бодлогоор дэмжиж, төрийн хүнд суртлыг арилгах гэж онцолсон байдаг. Түүнээс биш хэн ч хөшөө босгож, суварга бариад өгвөл амьдрал сайжрах гээд байна гэж нэхдэггүй. Хөшөө бариад хөгжсөн орны жишээ сонссонгүй.
“Морины бай, бөхийн шагнал, хөшөө дурсгал, суварга босгоход зориулж 500 саяас 5 тэрбум төгрөг зарцуулах нь зөв үү? Хэн их мөнгө хандивлах, хэн нь өндөр суварга босгохоороо уралдах биш нутаг орондоо хэн хэрэгтэй бүтээн байгуулалт хийж байна гэдгээрээ ялгарцгаая.
Эх сурвалж: Gogo.mn