Хэнтий аймагт уул уурхай, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 29 нөхөрлөл, ААН-д гэнэтийн шалгалт хийж алдаа дутагдлыг газар дээр нь арилгууллаа. ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Аюулгүй ажиллагаа- Амьдралын баталгаа” арга хэмжээний хүрээнд уг шалгалтыг зохион байгуулсан аж. Бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 29 нөхөрлөлийн хөдөлмөрийн аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийхэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг илт зөрчсөн үйлдлүүд илэрлээ. Тухайлбал: шалгалтад хамрагдсан уурхайнуудад шаардлагатай баримт бичгүүд огт байхгүй, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, ажилтнуудын бүртгэл, нөхөрлөл үүсгэн байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ашигт малтмал олборлох талбайд байнга хадгалах тухай заалтуудыг зөрчсөн байна. Мөн ихэнх бичил уурхайнууд “хамтран ажиллах гэрээтэй, хөрөнгө оруулагч” гэсэн нэрийн дор ахлагч, гишүүд нь тодорхой бус үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нөхөрлөл ААН-д ажиллаж байгаа иргэд бичил уурхайн ажилтны үнэмлэхгүй, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулдаггүй аж.Ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн талаар бүртгэл хөтөлдөггүй, авсан талаар гарын үсэг зуруулдаггүй, ажилтны аюулгүй байдлыг хангаж шаардлагад нийцсэн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангаагүй, ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, хэрэгсэл байхгүй, бичил уурхайн талбайд хүн мал унаж гэмтэхээс хамгаалсан хаалт хашлага анхааруулах самбар, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Ихэнх уурхайнууд нэг босоо ам буюу нэг гарцтай, босоо аманд хамгаалалтын хүрээ хийж “Аюултай” гэсэн анхааруулга тэмдэг байхгүй, босоо аманд ашиглаж байгаа өргүүр бүрэн бүтэн биш, өргүүрийн ган татлага нь шаардлага хангаагүй, ашиглахгүй болсон ба шинээр гаргасан аманд хаалт хамгаалалт хийгээгүй зэрэг зөрчлүүд мөн түгээмэл байна.
Д.Одонтунгалаг