Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 24 хувиар буурчээ

Хэнтий аймгийн хэмжээнд оны эхний дөрвөн сарын байдлаарх гэмт хэргийн нөхцөл байдлын талаар аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Лхагвадоржоос тодрууллаа.
-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хэчнээн гэмт хэрэг, зөрчил илэрсэн бэ?
-Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт ихэссэн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 146 холбогдогчтой 205 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 гэмт хэрэг буюу 24 хувиар буурсан байна. Үүнээс нийтлэг үйлдэгддэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15, өмчлөх эрхийн эсрэг буюу хувийн өмчийг хулгайлах, дээрэмдэх, залилах зэрэг гэмт хэрэг 31 хувиар буурчээ. Мөн гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар өсч, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна. Гэмт хэрэгт холбогдогч 146 этгээдээс 1 нь насанд хүрээгүй байна. Аймгийн хэмжээнд нийт 12789 зөрчил бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58.7 хувиар өсчээ. Мөн хугацаанд Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эмэгтэй 23, эрэгтэй 396 нийт 419 иргэн эрүүлжүүлэгдсэн байна.
-Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан гэлээ. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
- Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нь иргэдийн хөл хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ нь гэмт хэргийн гаралт буурахад багагүй нөлөө үзүүлсэн. Мөн Цагдаагийн газраас авч хэрэгжүүлж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар урьдчилан сэргийлэх нийт 27 арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, “Архигүй орчин”, “Сар шинэ”, “Хайр өвтгөдөггүй” зэрэг аян багтана. Өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд аймгийн иргэдийг олон нийтийн эргүүлд хамруулж, урамшуулсан. Түүнчлэн Сүхбаатар, Дорнод аймаг руу улсын болон орон нутгийн чанартай АО501, АО502 чиглэлийн авто зам манай аймгаар дамжин өнгөрдөг. Энэ авто замд осол гарах, иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гардаг. Тийм учраас зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү өрнүүлдэг. Мөн хаврын хуурайшилт ихтэй энэ үед ой хээрийн түймэр их гардаг. Түүнчлэн бор гөрөөсний цус уух нэрийдлээр хууль бусаар агнах гэмт хэрэг, зөрчил улирлын шинж чанартай үйлдэгддэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Экологийн цагдаагийн албанаас “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна”, “Ногоон дуу хоолой” зэрэг аян өрнүүллээ.
-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт хийх боломжгүй байгаа энэ үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт, сурталчилгаа хийж мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд цахим сүлжээ ашиглан мэдээ, мэдээлэл түгээж, контент хийсэн. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон Цагдаагийн газарт бүртгэгдээгүй байсан гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг илрүүлэн тогтоох чиглэлээр түлхүү ажилласан. Энэ хүрээнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн алба, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран 2017 оноос 2020 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 24 удаагийн үйлдлээр 204 бод мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлсэн. Эдгээр этгээдийн дийлэнх нь цагдаагийн газарт бүртгэгдээгүй байсныг нөхөн илрүүлж, бүртгэлд оруулсан. Одоогоор шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.
-Иргэд гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ? Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн акт, шинэчилсэн найруулгыг иргэд бие даан судалж, мэдэх үүрэгтэй. Гэтэл иргэдийн хуулийн мэдлэг хомс, бие даан судалдаггүй, хуулиа мэдэхгүйгээс болоод гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүнд холбогдох, хохирогч болох тохиолдол их гардаг. Иймд үүргээ биелүүлж хуулиа мэддэг байх хэрэгтэй. 

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан