Хэнтий аймагт сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй гарчээ

Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” төслийг амжилттай хэрэгжүүлж илрүүлэлт сайтай шилдэг аймгийн нэгээр Хэнтий шалгарчээ.

Тус аймаг 2019 оныг “Үйлчлүүлэгч төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласантай холбогдуулан сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэгийн баг өнгөрөгч онд бүх суманд ажиллаж тандалт судалгаа явуулжээ. Зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулж халдварт өвчнийг эрт үед оношлох зорилго тавьснаар нийт 516 хүнийг хамруулснаас шинээр 360 хүнээс шинжилгээ авчээ. Урьд нь эмчилгээ хийлгэж байсан 79 хүнээс шинжилгээ авахад дөрвөн тохиолдол илэрч сүрьеэгийн давтан эмчилгээнд орсон байна.

Сүрьеэ өвчин 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 3140 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 8,7 хувийг эзэлж байв. Энэ нь өнгөрөгч оны мөн үеэс 128 тохиолдлоор өссөн дүнтэй байна. Хэнтий аймгийн хэмжээнд 2017 онд 77 тохиолдол, 2018 онд 97 тохиолдол, 2019 онд 118 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны тухайд Хэнтий аймгийн сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй гарчээ.

Өвчлөл өндөр гарч байгааг нөгөө талаас илрүүлэлт үр дүнтэй байсныг онцлох нь зүйтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.


Д.Одонтунгалаг

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан