Улсын хэмжээнд өрнөж буй “Хайр өвтгөдөггүй” аяны явцын талаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баярсайхан дараах мэдээллийг өглөө.
"Энэ сарын еснөөс эхлэн 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх "Хайр өвтгөдөггүй" аяныг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн ГБХЗХГ-тай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаар иргэдийн мэдээллийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчдийн зан төлөв, хүчирхийллийг тэвчих нийгмийн хандлагыг өөрчлөх зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаа аж.
Мөн аяны хүрээнд гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа ахуйн архидалтыг бууруулах, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор эргүүл шалгалт, “Эмзэг цэг”, “Архигүй орчин” зэрэг арга хэмжээг аймгийн хэмжээнд явуулж байна. Энэ хүрээнд 18 сум, гурван тосгоны хэсгийн төлөөлөгч, гурван тасаг, нэг хэлтэс, ТББ-ууд, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, үйлдэж болзошгүй, ял шийтгэл эдэлж байсан хүмүүс рүү чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Мөн цахимаар ухуулга нөлөөллийн арга хэмжээ авч байна" гэлээ.
Түүнчлэн уг аяны хүрээнд байршил, гэр бүлийн хаягаар нь очиж уулзан нэг бүрчилсэн баталгаа авах, дахин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, мөн архины хамааралтай гэр бүл, хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг архинаас гаргах эмчилгээнд хамруулах ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хийж байгаа аж. Тус арга хэмжээний үр дүнд оны эхний хоёр сарын байдлаар гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна.
Хэнтий аймгийн хувьд 2014 онд Түр хамгаалах байр ашиглалтад оруулсан бөгөөд өнгөрсөн онд Нэг цэгийн үйлчилгээний төв болгон өргөжүүлжээ. Түр хамгаалах байр нь Цагдаагийн байгууллагын хяналт дор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болох хохирогчоос урьдчилан сэргийлэх зорилгоор дуудлага мэдээлэл өгсөн эрсдэлтэй иргэдийг бүрэн хамгаалах арга хэмжээг тасралтгүй явуулдаг байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын гэрч хохирогчийг хамгаалах хэлтэстэй үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг гэв.
Д.Одонтунгалаг