Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүд чих хамар хоолойн тасгийн их эмч Доржийн Отгонтуяатай уулзаж ярилцлаа. Тэрээр 2013 онд чих хамар хоолойн нарийн мэргэжлийг эзэмшиж ирээд ажиллахын зэрэгцээ одоо Анагаах ухааны магистрт суралцаж байгаа юм байна. Чих хамар хоолойн тасгаар үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж.
-Юуны өмнө тасгийнхаа талаар болон хамт олноо танилцуулна уу?
-Манай тасаг 1985 оноос 15 ортойгоор бие даасан тасаг болж үүссэн түүхтэй. Мөн амбулаторид чих хамар хоолойн болон сонсголын кабинет ажиллаж аймгийнхаа ард иргэдэд үйлчилж байна. Одоо манай албанд чих хамар хоолойн нарийн мэргэжлийн хоёр эмч, мэргэжлийн сувилагч гурав, ээлжийн сувилагч дөрөв ажилладаг. Жилд дунджаар чих хамар хоолойн /ЧХХ/ кабинетаар 6000 орчим иргэн, Нүд ЧХХ-н тасагт дунджаар 400-450 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр эмчлүүлж байгаа хүмүүсийн 55 хувь нь дунд чихний эмгэгтэй, 23 хувь нь ямар нэгэн байдлаар сонсголын бууралттай байна. Чих хамар хоолойн тасаг кабинетаар үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
-Сонсгол хамгаалах өдөр жил бүр тохиодог юм байна. Энэ өдрийн тухайд?
-Тийм ээ. Дэлхийн хэмжээнд гуравдугаар сарын гуравны өдрийг "Дэлхийн сонсгол хамгаалах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил энэ өдрийг “Сонсголын бэрхшээл таныг тусгаарлах ёсгүй” уриан дор зохион байгууллаа. Дэлхийн хэмжээнд 2008 оноос энэ өдрийг тэмдэглэх болсон, Монгол Улс 2009 оноос нэгдэж жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.
-Сонсгол бууралт гэж чухам юуг хэлээд байна вэ? Сонсгол бууралттай хүмүүс хэр олон байдаг вэ?
-Нэг ба хоёр талын чихний сонсох үйл ажиллагаа алдагдахыг сонсгол бууралт гэдэг. Дэлхийн хэмжээнд 278 сая хүн дүлий болон сонсгол бууралттай амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд 200 мянга орчим сонсгол бууралттай дүлий хүн амьдардаг, мөн жил бүр төрөлхийн хэлгүй буюу сонсголгүй 60-70 хүүхэд төрдөг гэсэн судалгаа бий. Хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь урьдчилан сэргийлж болох эмгэг байдаг гэж үздэг. Хэнтий аймгийн хэмжээнд нийт 273 хүн сонсгол бууралтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдан чих хамар хоолойн эмчийн хяналтад эмчлүүлж байна.
Мөн төрөлхийн хэлгүй дүлий, сонсголын бэрхшээлтэй хүүхэд 15, сонсгол бууралттай насанд хүрэгчид 82, нийтдээ 400 орчим хүн хяналтад эмчлүүлж байна. Энэ тоо жил бүр өсч, дүлийрэл сонсгол бууралтад нөлөөлөх шалтгаан ч нэмэгдсээр байна. Сонсгол бууралтын улмаас ид хөдөлмөрийн насны оргил үедээ ажлын чадвараа алдаж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам ихэсч нас нь залуужиж байна. Давхардсан тоогоор 900 орчим хүн сонсголын аппаратанд хамрагдаад байгаа.
-Сонсгол бууралтын гол шалтгааныг дурдвал?
-Манай аймгийн хувьд 2013 оноос сонсголын бичлэг хийдэг болсон ба жилд дунджаар 180-250 хүн сонсголоо шалгуулдаг. Сонсгол бууралт олон шалтгаантай, нэгдүгээрт удамшил, төрөлтийн хүндрэл, дутуу төрөх, шуугиантай орчинд удаан ажиллах, гэмтэл, халдварт өвчин, чих хамар хоолойн эмгэг, насжилт гэх мэт олон шалтгаан байдаг.
Сонсгол бууралтыг төрөлхийн ба олдмол гэж ангилдаг. Мөн сонсгол бууралтын зэргээс хамаарч хөнгөн, дунд, хүнд, гүнзгий гэж ангилдаг. Эдгээрийг сонсгол шалгах багажаар үзэж тогтооно. Сүүлийн үед олдмол сонсгол бууралтын шалтгаан нь чимээ шуугиан ихтэй орчинд удаан хугацаагаар ажиллах, гар утас чихэвчийн хэрэглээ, осол гэмтэл ихэссэнтэй холбоотой юм.
-Ямар хүмүүс сонсголоо шалгуулах шаардлагатай вэ?
-Дуу чимээг чангаар сонсох, хүний яриаг дутуу ойлгох, асуултаа давтаж асуугаад байвал, чихэнд жингэнэх дуу сонсогдож байвал та сонсголоо шалгуулах шаардлагатай.
-Чих хамар хоолойн тасаг кабинетын ачаалал хэр байдаг вэ?
-Манай тасаг кабинетын хувьд үйлчлүүлж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь 0-16 насны хүүхдүүд байдаг. Өвлийн улиралд ханиад томуу ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн чихний эмгэг нэмэгддэг бол зуны цагт чихний хатиг буглаа ихсэх гээд ачаалал нэмэгдэх үе байна.
-НЧХХ-н эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах үйл ажиллагаагаа сайжруулах талаар төлөвлөсөн ажил бий юу?
-Цаашид бид зайлсхийж болох өвчний хүрээнд УНТЭ-тэй хамтран чих хамар хоолойн гуравдугаар шатлалын мэс заслыг орон нутагтаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн бага насны хүүхдийн чихний сонсгол бууралтыг эрт илрүүлэх аппарат, чихний мэс заслын багажтай болох төсөл бичиж ажиллаж байна. Сонсголын эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, чих хамар хоолойн мэс заслын сувилахуйн тусламжийг сайжруулах зэрэг төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
-Иргэддээ хандсан зөвлөмж хүргэнэ үү?
-Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэхийн тулд, хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн тэр цагаас эхлэн сонсголыг нь хамгаалах хэрэгтэй. Жирэмсэн эх янз бүрийн халдвараас сэргийлж сонсголд хортой эм хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг чих хамар хоолойн болон амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандан эмчлүүлэх, хэрвээ хүүхдийн чих өвдсөн бол эцэг эхчүүд тууштай эмчлүүлснээр дунд чихний үрэвсэл бүрэн эдгэрч сонсгол бууралтаас үр дүнтэй сэргийлэх боломжтой. Чихээ ухаж гэмтээхээс сэргийлэх, хэтэрхий шуугиантай орчинд удаан байхгүй байх, чихэвчний хэрэглээг өдөрт 60 минутаас хэтрүүлэхгүйгээр дууны түвшинг 60 хувиас илүүгүй хэрэглэх нь ирээдүйд сонсгол алдахаас сэргийлнэ.
Д.Одонтунгалаг