С.Ундрам: Хамар удаан хугацаанд битүү явах нь гайморит үүсэх шалтгаан болдог


Хамрын дайвар хөндийн үрэвсэл болоод  чих хамар хоолойд өргөн тохиолдох өвчлөлийн талаар ярилцахаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори №1-ийн чих хамар хоолойн эмч С.Ундрамыг зорьж, түүнээс зөвлөгөө мэдээлэл авахаар болсон юм.-Сайн байна уу?  Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
Өдрийн мэнд. Танд болон уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргье  Намайг Сүхээгийн Ундрам гэдэг. 2010-2016 Анагаахын  шинжлэх ухааны үндэсний их сургууль төгссөн .
2016-2018 Эрүүл мэндийн хөгжлийн төв УНТэ-д Чих хамар хоолойн резидент. Одоогоор БЗД-ийн  эрүүл мэндийн төв Салбар амбулатори №1-ийн Чих хамар хоолойн  эмчээр ажиллаж байна.
-Сүүлийн үед гайморит өвчин нилээдгүй яригдах болсон. Гаймориттай гэдгээ яаж мэдэх вэ?
Хамрын дайвар хөндийнүүдийн салст бүрхэвчийн үрэвсэл синуситыг манайхан гайморит гэж ярьдаг. Энэ өвчин дараах шинж тэмдгүүдээр илэрдэг. Хамар битүүрэх, хамрын хөндийн шүүрэл буюу нус салсархаг биш өтгөн шар ногоон гарах, нүүрний ясаар чинэрэх, ам хамраас эвгүй үнэртэх, толгой өвдөх, шүд янгинах зэрэг шинж тэмдэг бий. Заримдаа халуурч, ханиалгах, чих дүүрэнгэ оргидог. Мөн архаг үрэвслийн үед амархан ядрамтгай болдог. 
-Гайморит өвчнийг  дотор нь ангилдаг уу?
Синусит буюу гайморитыг хугацаагаар нь хурц ба архаг гэж ангилдаг.  Хурц хэлбэрийн гайморит ихэвчлэн вирусын гаралтай үүсгэгддэг. Дээр хэлсэн шинжүүдээс 2 буюу түүнээс дээш шинж тэмдэг илэрч, зовиур нь 7 ба түүнээс дээш хоногоор үргэлжилвэл синусит буюу гайморит болсон байх магадлалтай учраас эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Архаг синусит нь дээрхи шинжүүд 12 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлэхийг хэлдэг. Ер нь 10-аас дээш хоног эдгэхгүй бол нэмж бактерийн халдвар авч архагших магадлалтай гэж үзээд эмчид хандах буруудахгүй шүү.Харин дээрх шинжүүдээс байхаас гадна 38.9°C дээш халуурах, нүүр толгой маш хүчтэй өвдөх, гэнэт хараа өөрчлөгдөх, нүд орчмоор хавдаж улайх, хүзүү хөшингө оргих зэрэг нь өвчин хүндэрч байгаа ноцтой шинжүүд учраас маш яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
-Ер нь яагаад хамар дайврын хөндийн үрэвсэл үүсдэг вэ?
Хүүхэд болон том хүн ханиад шуухинаагаар удаан өвдөх, дутуу эмчлэгдэх, ойрхон дахих, хүүхдийн дархлаа сулрах, цаг агаарын эрс тэс байдал, агаарын бохирдол, харшлын шалтгаант хамрын үрэвсэлтэй байх, ам, хамрын хөндийн ариун цэвэр муу сахих, цэвэрлэж суралцаагүй, аденойд булчирхай том байх, хүүхэд болон том хүн харшламтгай байх, төрөлхийн болон олдмол хамар дайврын хөндийн гажигтай байх зэрэг шалтгаануудаас болж хамрын хөндийн үрэвсэл үүсдэг. 
-Хүүхэд хамар дайврын үрэвслээр өвчилсний дараа гэрийн нөхцөлд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Илчлэг ихтэй, амин дэмээр баялаг, эрдэс бодисоор элбэг хүнсийг хоолондоо хэрэглэх, хангалттай унтаж амрах, гэрийн нөхцөлд хамар дайврын хөндийн цэвэрлэгээ хийх, хүйтний улиралд хүүхдэд зөв, тохирсон хувцастай гадуур гаргах, салхилуулах, тоглуулах, хамрын хөндийн эрүүл ахуйн анхан шатны мэдлэгтэй болгох, дадуулах, эмчийн зөвлөсөн эмийг бүрэн уух, зааврыг сайтар мөрдөх шаардлагатай шүү.
-Хамар байнга битүү явах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Хамар битүүрнэ гэдэг бүтэн амьсгалж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Жишээ нь: Шөнө хамар битүү хоновол хүчилтөрөгчийн хангамж муудна. Үүний нөлөөгөөр тухайн хүний толгой маргааш нь өвддөг. Түүнийгээ дагаад ажлын бүтээмж муудна, ядарч сульдана, цаашлаад нөгөө дайвар хөндийн үрэвслүүд үүсэх шалтгаан болох гээд олон урхагтай. Тиймээс л яг ямар шалтгаанаас хамар битүүрч байгааг эрт оношлуулах нь чухал.
-Хамар битүүрдэгээс болж байнга цацлага хэрэглээд заншчихсан хүмүүс байдаг. Үүний үр дагавар, гаж нөлөө гэж бий юу?
-Манай орны уур амьсгал хуурай, эрс тэс, ширүүн учраас хамар хоолойн өвчлөл элбэг. Сүүлийн үед харшлын гаралтай хамар битүүрэлт ихсэх хандлагатай болчихлоо. Бага насны хүүхдүүдэд ч элбэг тохиолдож байна. Зарим хүмүүс хамрын цацлагыг урт хугацаагаар байнга хэрэглэдэг. Гэтэл ингэж хэрэглэх нь тухайн үедээ шинж тэмдгээ дарах боловч эргээд хамрын салстыг улам цочромтгой болгож байна. Учир нь удаан хугацаагаар буруу хэрэглэж байгаа эмийнхээ гаралтай хамар битүүрэлт давхар үүсчихдэг юм. Иймээс хамрын цацлагыг эмчийн зааваргүй 10–аас дээш хоногоор хэрэглэх хэрэггүйг зөвлөе. Харин эмчид үзүүлж эхлээд зөв эмийн эмчилгээ хийлгэх ёстой. Хэрэв эмийн эмчилгээ үр дүнгүй бол төгс эмчлэх зорилгоор мэс ажилбар, мэс заслын арга руу шилждэг.Мэс ажилбараар хэт хөөж томорсон самалдагийн салстыг түлэх, мэс заслын аргаар самалдагийг жижигрүүлж тайрдаг. Үүнээс гадна хамрын таславчийн мурийлт тэгшлэх, хоргүй ба хортой хавдар урыг тайрч авах хагалгаануудыг хийдэг.
-Хамар байнга битүүрдэг хүмүүс байдаг. Ихэвчлэн ямар шалтгаантай байдаг вэ?-
Хааяа хэт халуун үед, ханиад шуухинаатай үед цөөн хоногоор хамар битүүрээд хэвийн болох нь эрүүл хүмүүст ч тохиолдох зүйл. Харин хамар удаан хугацаагаар битүүрэх нь хамрын өвчний нэг шинж тэмдэг.
Ерөнхийдөө хамрын эмгэг битүүрэлт нь дараах шалтгаануудтай.
1-рт: Хамрын салст бүрхэвчийн эмгэгүүдийн улмаас үүснэ.Үүнд: Харшил ба харшлын бус шалтгаант хамрын хөндийн салстын үрэвсэл, хамрын дайвар хөндийнүүдийн салст бүрхэвчийн үрэвслүүд, хамрын полип, вегенерийн өвчин, өвөрмөц халдварууд тухайлбал ДОХ, тэмбүү, сүрьеэ гэх мэт өвчний үед тохиолдоно. Мөн зарим эмийн нөлөөгөөр хамрын салст үрэвсэж шархлан самалдгууд хавагнаж томорсноос ч шалтгаалах нь бий.
2-рт: Хамрын бүтцийн өөрчлөлтийн улмаас битүүрдэг.Үүнд: Нармай битүү төрөх гэх мэт төрөлхийн гажгууд нөлөөлдөг. Мөн нармайн гүйлсны томролт, гадны биет хамарт орох, хамрын таславчийн мурийлт, хамрын үүдэвчийн эмгэгүүд, хоргүй ба хортой хавдар гэх мэт олон шалтгааны улмаас хамрын хөндийн амьсгалах зай багассанаас хамар битүүрнэ.Тиймээс чухам ямар шалтгаанаар битүүрч байгааг нь мэргэжлийн эмчид үзүүлж зөв оношлуулах шаардлагатай. Эмчид үзүүлж нарийн мэргэжлийн үзлэг хийлгэн шалтгааныг нь шинжилгээнүүд өгөх ёстой. Жишээ нь цусны шинжилгээ, рентген зураг, компьютерт томографик гэх мэт нэмэлт шинжилгээг хийдэг. Ингэж зөв оношилгоо хийлгэж байж л зөв эмчлүүлнэ.Гайгүй байх гээд хамрын дусаалга дусаагаад яваа хүн бол зовиураа даамжруулж байгаа хэрэг. Ингэж удаан явснаас хожим хүндэрдэг тохиолдол гардаг.
-Чих хамар хоолой холбоотой эрхтэн гэгддэг учраас чихний талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед чихний ямар өвчлөл нэмэгдэж байна вэ?
-Мэдээж олон асуудал бий. Гэхдээ онцгойлон анхааруулахыг хүсэж байгаа зүйл бол чихэвчний асуудал. Сүүлийн үед хүүхэд залуучууд чихэвчийг буруу хэрэглэж аажимдаа дүлийрэл үүсэх аюулд ороод байна.Чихэвчийг нэг удаад 30 минутаас хэтрүүлэхгүй, дууны чанга сулын хүчийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр сонсохыг зөвлөдөг. Гэтэл гудамжинд зөрөөд өнгөрөхөд чихэвчний хөгжмийн дуу нь хажууд хүнд сонсогдтол чанга дээрээ сонсдог хүүхэд залуус цөөнгүй. Мөн рок тоглолт, диско клубуудын хэт чанга дуу чимээ ч үүнд хамаарагдана.

-Тэгвэл хүний сонсгол хэдэн наснаас эхлэн буурдаг юм бол?
-35 наснаас хүний сонсгол ерөнхийдөө аажмаар буурч эхэлдэг. Гэхдээ ямар нөхцөлд ажиллаж, амьдарч байсан, ямар өвчинөөр өвдөж, ямар эм тариа хэрэглэсэн эсэхээс хамаараад хүн болгонд сонсгол бууралт өөр л дөө. Урьдчилан сэргийлэх л чухал Санаандгүй гэмтлүүд, хамар битүүрэх, хоолой өвдөх ч чихний өвчний шалтгаан болдог. Ялангуяа хүүхдийн хамар хоолой эрүүл байх нь алсдаа сонсгол бууралтаас мөн л сэргийлж байна гэсэн үг. Тиймээс хүүхдийн чих хамар хоолойн өвчнийг ужигруулахгүйгээр эмнэлэгт хандаарай. Мөн жирэмсэн ээжүүдийн эрүүл мэнд, эрүүл ахуй ч ирээдүйд төрөх хүүхдийн сонсголын асуудалтай холбоотой.
-Манай уншигчдад хэрэгтэй зөвлөгөөг дэлгэрэнгүй өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье!
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан