Энэ удаагийн "Эмч зөвлөж байна" булангийн зочинрррх Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори №1-ийн шүдний эмч Э.Номинтулга уригдлаа.-Сайн байна уу? Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь ямар эмчилгээг хийлгэдэг вэ?
Өдрийн мэнд. Сүүлийн үед шүд цоорол, цоорлоос шалтгаалсан хүндрэлүүд, мөн амны хөндийн буруу арчилгаанаас үүдсэн шаантаг хэлбэрийн согог их ирж байна.
-Амны хөндийн зөв арчилгаа гэж юу вэ?
Дийлэнх хүмүүс шүдээ сайн угаахад болно гэж боддог. Гэхдээ шүдээ хэрхэн зөв угаахыг төдийлөн сайн мэддэггүйгээс болж цоорол болон цоорлын бус шалтгаант согогууд үүсдэг. Амныхөндийн зөв арчилгаанд шүдийг зөв үед зөв угаах, мөн нэмэлтээр ам зайлах уусмал, болон шүдний утас хэрэглэх зэрэг орно.
-Тэгвэл манай уншигчдад шүдээ зөв угаах аргуудаас зааж өгөөч?
Шүдийг сойзоор хэт даралтгүйгээр дээрээс доош, доороос дээш хөдөлгөөнөөр мөн эргэлдүүлэх хөдөлгөөнөөр угаахыг хэлнэ. Ихэнхи хүмүүс шүдээ хүчтэй дарж үрж угаахыг сайн угаагдаж байна гэж ойлгодог. Энэ нь маш буруугаар үл барам цаашлаад цоорлын бус гаралтай согог үүсэх чухал нөлөө болдог гэдгийг хэлмээр байна.
-Шаантаг хэлбэрийн согог гэж яг юуг хэлээд байна вэ? Мөн шүдний элэгдэл хэрхэн үүсдэг юм бол?
Хатуу үстэй сойзоор шүдийг хөндлөн чиглэлд хүчтэй үрж угаасны улмаас шүдний хүзүүвч хэсгийн паалан элэгдэж ухаж авсан мэт болдог. Мөн ерөнхий биеийн өвчлөлүүдээс шалтгаалж тэжээл дутагдлаас үүсч болдог. Ихэнхидээ өвддөггүй бөгөөд халуун хүйтэнд хэт мэдрэг, янгинаж өвдөх, цаашлаад толгойруу дамжиж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг гэсэн үг л дээ.
-Шаантаг хэлбэрийн согогийн эмчилгээг хэрхэн хийдэг вэ?
Дөнгөж эхэлж байгаа үед эрдэсжүүлэх буюу фторт лак түрхэж болдог. Элэгдлийн талбай их болсон үед ломбо тавьж болно. гол нь элэгдлийн хэмжээ их байх тусам шүд хугарах аюултай байдаг тул зарим тохиолдолд шүдийг авахаас өөр аргагүй байдалд хүрдэг шүү.
-Шүдээ зөв угааж сурахаас гадна амны хөндийн арчилгаа маш чухал байх?
Ам зайлах уусмал зайлшгүй шаардлагагүй ч амнаас эвгүй үнэр үнэртдэг, өнгөр хөгц ихтэй үед хэрэглэх нь илүү ач тустай. Өөрийн сонголтоор төрөл бүрийн ам зайлах уусмалаас сонгож хэрэглэж болно. Мөн шүдний утас хэрэглэх нь бас 1 чухал арчилгаа юм. Шүд хоорондын зай шүд угаалтанд тэр бүр сайн угаагдахгүй тохиолдол байдаг. Энэ үед хоолны үлдэгдэл үлдэж улмаар цоорох бас 1 шалтгаан болдог. Үүнээс сэргийлж шүдний утас хэрэглэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Үүнийг ямар ч үед хэрэглэж болдогоороо давуу талтай.
-Үүнээс гадна өөр цоорлоос, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ямар нэмэлт аргууд байна вэ?
Шүдний эмчид жилд 2-3 удаа тогтмол урьдчилан сэргийлж үзүүлж байх. Ингэснээр таны цаг мөнгийг хэмнэх болно. Цоорлыг эрт үе дээр нь эмчлүүлэх нь танд өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Шүдний өвчин хүндрэх тусам эмчлэгдэхэд улам хүндрэлтэй, их уаг мөнгө шаардагддаг юм шүү.