К.Кульжан: Аман яриа, цахим орчин дахь мэдээллээр хүүхдээ эмчлэх нь хүндрүүлэх шалтгаан болж байна

Хэнтий аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К.Кульжантай уулзаж дараах мэдээллийг авлаа.

Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт томуу, томуу төст өвчний дуудлага эрс нэмэгдсэн тул Нэгдсэн эмнэлэг шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, нэмэлтээр чих, хамар, хоолой, сэргээн засах тасагтаа 16 ор дэлгэн хүүхдүүдийг хүлээн авч эмчилж байна. Мөн хүүхдийн тасагт сувилагч, эмч нарыг хүч нэмэгдүүлэн ажиллуулж, тус тасагт хөл хорио тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл гаднаас эргэлт авахгүй, туслах сувилагч нарыг эргэлтэд оруулж, хоол судлалын мэргэжилтэнг ажиллуулж байна. Эмнэлгийн зүгээс аарц, чацарганаар тогтмол хангаж, хүүхдийн нас, өвчлөлийн байдлаас хамаарч бантан, каш зэргийг өгч үйлчилж байгаа аж. Түүнчлэн эм тарианы нөөцөөс ашиглах, тасарсан эмийг хотоос татаж авчрах, цаашлаад эмнэлгийн ажилтан албан хаагчдаа урьдчилан сэргийлэх зэрэг зохицуулалтыг хийж байна.

Эрүүл мэндийн газраас томуугийн эмчилгээнд хэрэглэх эмийг хангахад туслалцаа үзүүлэх, автомашин түр хугацаагаар нэмэгдүүлэхийг хүслээ. Өнөөдрийн байдлаар маш хүнд хоёр, хүндэвтэр дөрөв, нийт зургаан хүүхдэд эрчимт эмчилгээ хийж байна. Маш хүнд хоёр хүүхдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөмж авч дамжуулалт хийхээр бэлтгэл ажил хийж байна. Хүүхдийн тасагт шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүд болох утлагын аппарат, амин үзүүлэлтийн монитор, хүчилтөрөгчийн аппаратыг нэмж байршуулахаас гадна тасгуудаар явж ажиллуулж байна.
Энэхүү В хүрээний томуугийн халдвар нь хурдан тархацтай, богино хугацаанд хүндэрч, улмаар уушигны хатгалгаа болж, бага насны хүүхэд цэрээ гадагшлуулж чадахгүйгээс уушгинд бөглөөс үүсч, идээлэн хүндрэх эрсдэл их байгаа юм. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ дур мэдэн гэрээр эмчлэх, өвчлөлд огт таарахгүй эм өгч, аман яриагаар, цахим орчин дахь мэдээллээр эмчлэн хүүхдийн биеийн байдлыг хүндрүүлж байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Иймд эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг мөрдөж, гар ариутгах бодисыг өргөнөөр хэрэглэн амны хаалт тогтмол зүүж халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.

Д.Одонтунгалаг

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан