“Ороо” гэдэг үгийг тайлбарлах нь илүүц биз дээ. Бүгд мэдэх хойно. Ер нь шинэ он гарав уу, үгүй юү сонгуулийн “ороо” айхавтар орлоо доо. Дуулиан шуугианы талаар сонсож, уншиж, үзэж барахгүй байна. Энэ юу болов гэж байтал дараагийнх нь дуулиан залгаад мэдрэлээр ёстой тоглож байна. Сонгуулийн “ороо” ийм хүчтэй орж байсныг мэдэхгүй юм байна. Бас аюултай юм байна. Өнөөдөр өвчний вирусийн “ороо” ид байна. Өвчтэй хүмүүсийн “ороо” дагаад орох нь бүр хэцүү юм.
Баахан баривчилгаа, хар тамхи, мөрийтэй тоглоом... хэмээн сүйд болсон. Залгуулаад цагдаагийн хурандаа нарын авлига, Тагнуулын ажилтнуудын дээрэм, Г.Батхүү агсны учир битүүлэг үхэл, Их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлт, Коронавирусийн халдвар, өчигдрийн байдлаар Буяндоржийн зарласан авлига авсан гэх прокуроруудын нэрсийн дуулиан...
Би ингэвэл гараад ирэх болов уу гээд бүгд л хороо найруулж байгаа бололтой. Эцэстээ бүгд унах байх даа. Дэлхийд шинэ шинэ өвчин вирус цаг үргэлж гарч байсан. Өмнө нь ч, өнөөдөр ч, маргааш ч гарсаар байх биз. Бид хэтэрхий сүржин байна. Хэтэрхий дуулиан шуугиантай болгож дэвэргэж байна. Эцсийн бүлэгтээ энэхүү вирусийн эсрэг Засгийн газар л сайн ажиллаж байгаа юм байна гэсэн ганц ойлголтыг нийгэм авч байгаа. Сонгуулийн дүнд нь сайнаар нөлөөлөх болтугай. Өдөр бүрийн 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас Монголд огт илрээгүй, бид сайн ажиллаж байна гэсэн сураг төдий байгаа вирусийн талаар мэдээлэл хийж байна. Засгийн Газрын нөөц хөрөнгөнөөс өдөр бүр тэрбум тэрбумаар нь яам руу шилжүүлж байна. Түүнийг нь цэвэрлэгээний материал, маск, оношлогооны аппартанд зориулж байна. Одоогоор ХӨСҮТ-д 4,2 тэрбум төгрөг өгчихөөд байна. Үнэндээ тэр маск нь вирусээс хамгаалж чадах, чадахгүйг хэн ч, хаана ч тогтоогоогүй байгаа. Хамгийн ойроор нь “Маск зүү” гэсэн зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байгаа юм. Миний мэдэхийн арай л эхнэртэйгээ унтахдаа маск зүүхгүй байгаа хүн “Амралтын хоёр өдөрт ханиад маань бүр үгдэрчихлээ” хэмээн маскныхаа цаанаас ярьсаар ажилдаа ирээд, хар өглөөгүүр гэр рүүгээ буцаад явчихаж байна шүү дээ. Тэгэхээр тэр маск чинь хамгаалж чадаж байгаа юм уу. Гэтэл өнөөдөр дэлхий даяар маскны дайн болж байна. Монголд бүр янзтай юм болж байгаа. Төр засгийн бүх байгууллагууд “Маск зүүгээгүй хүнд үйлчлэхгүй” гэсэн зарлалыг том томоор хадчихсан.
Энэ нь ямар үр дагавартай байна гэхээр үйлчилгээ авах гэж очсон иргэн, үүдэнд нь зогсож байгаа харуул хоёрыг зодолдуулсан өдрүүдийг бий болгож байна. Учир нь маск Монголд байхгүй. Нийлүүлдэг хятад нь өгөхгүй байгаа юм чинь. Бидний монголчуудын байж байгаа царай л энэ. Та нар тогтож хар л даа, чуулганы танхимд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Үхрийн мах 5000 төгрөг л байгаа” гэж байна. Гараад зах дээр очихоор 13000 төгрөг. Эрүүл мэндийн яамнаас “Маск бүгдээрээ зүү” гээд байдаг. Гараад авах гэхээр байхгүй. За тэгвэл өөрсдөө хувиараа маск оёод зүүцгээ гэж зөвлөсөн. Тэгье байз гээд ухасхийтэл оёдлын машинуудаа аль эрт ерэн оны төмрийн хогонд ачуулчихсанаа сая мэдэх жишээтэй. Ерөөсөө ийм л дампуу байна. Монголчууд бидний үнэн төрх, аливаад тулхтай ханддаггүй, юм боддоггүй, хандлага буруу байгааг энэ их захгүй, шил шилээ дарсан дуулиан шуугиан харуулах шиг болж байна. Монгол Улсад юу ч тохиолдсон бэлэн, бэлтгэлтэй байдаг мэргэжлийн баг салбар бүрт байна уу. Байхгүй болохоор л ингэж их сүржигнэж, дэвэргэж, улс орноо хөмөрчих гээд байна шүү дээ. 14 хоногийн өмнө 34 000 төгрөгөөр авч байсан хүнсний бүтээгдэхүүнээ өчигдөр яг тэр хэвээр нь авахад 56 000 төгрөг болчихсон байна. Сүртэй ч юм биш, талх, боорцог төдий өргөн хэрэглээний бараа. Гэтэл 14 хоногийн дотор 22 000 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Монголын дундаж, дунджаас дээш давхаргынхан цөөхөн ам бүлтэй. Сайндаа хоёр хүүхэдтэй. Тэр хэрээр зардал бага. Бага зардлаар амьдралыг, нийгмийг харж байна. Гэтэл дийлэнх нь болох хүнд амьдралтай өрхүүдийн ам бүл олон. Тэдний зовлонг шийдвэр гаргагчид, дундажууд, нийгэмд идэвхтэй хэсгийнхэн нь ойлгохгүй “Орк зан, дэлгүүр лангуу хоосоллоо” гэх жишээтэй. Ингэж хэлснийг буруутгах, гомдох юм байхгүй. Бодит амьдрал өөр байгаа гэдгийг тэд олж харах ёстой. Тэгж байж Монголын нийгмийг өөд нь татна.
Аливааг бодитой харж, үнэн ярьж байх хамгийн чухал байна. Гэтэл төр засгийн албан эх сурвалжууд нийгэмд итгэл төрүүлэх мэдээлэл өгөх чадваргүй болчихлоо. Энэ орон зай дээр нь сайтын хэдэн хүүхдүүд сайн саваадаж байна. Нийгмийн сэтгэл зүй үүнд нь сайн савж байна. Төр засаг нь шат шатандаа мэдээллийг үнэн зөв өгч, байр суурь дээрээ бат нягт зогсож, судалгаа тооцоотой ярьж чадахгүй байгаа нь угаас хэрсүү бус байгаа монголчуудыг тэнэг болгож байна даа. Хамгийн гол нь айхавтар улс төр хийж, сонгуулийн “ороо” болгож байгааг харах хэрэгтэй.
Өнөөдрийн мэдээллийн урсгалыг харж байхад шуурхай байх гэдэг дээр л тогтож байна. Би ч, та ч, ер нь бүгдээрээ аливаа мэдээллийн үнэн эсэхийг ялгах боломжгүй болчихлоо. Яагаад гэвэл сошиал дахь энэ их замбараагүй урсгалаас болж. Хэн түрүүлж мэдээлсэн нь үнэн болчихоод байна. Түрүүлж мэдээлсэн нь чухал болохоос тэр мэдээллийн үнэн, худал нь хоёрдугаар асуудал болчихоод байна. Жишээ нь “Өдрийн сонин”-ы редакци аливаа мэдээллийн үнэн эсэхийг тодруулах гэж бүхэл бүтэн редакциараа хөдөлж, олон эх сурвалжаас тодруулж, сая нэг бодитой цэг дээр хүрсний дараа буурь суурьтай мэдээллээ нийгэмд хүргэж байхад, иргэд түрүүлж уншсан сошиалын хөнгөн хуумгай мэдээлэлд итгэчихсэн сууж байна. Хажуугаар нь улстөрч бүхэн, үйл явдал бүр дээр гарч ирж өөр өөрийнхөөрөө бурдаг нь нийгмийг бүр будлиантуулж байна.
Бид одоо нэг үнэнийг олж харах хэрэгтэй. Төр засгийн бүх томилгоо сүүлийн 30 жилд хэдхэн хүний эргэн тойронд эргэлдлээ. Тэртээ 30 жилийн өмнө намайг жаахан хүүхэд байхад Ч.Улаан гуай Үндэсний хөгжлийн газар гэж яамнаас том эрх мэдэлтэй газрын дарга байсан. Өнөөдөр тэр хэвээрээ сайд хийгээд “Мах 5000 төгрөг байгаа” гээд сууж байна. Ер нь салбар бүрийг хар. Арван настай байхад дарга л байсан, аравдугаар анги төгсөхөд дарга л байсан, авгай аваад амьдрал зохиоход дарга л байсан хүмүүс өнөөдөр бас сайд дарга хэвээрээ л байна. Ийм хүмүүсээ одоо больчихож, сольчихож болдоггүй юм уу. Арван тэрбумын бэлэн төсөвтэйгөөр орж ирээгүй коронавиусийн эсрэг үзэж тарах нь 30 жилийн туршлага, технологитой тэдэнд ямар амар хялбар хоол байгаа бол. Өдөр бүр мэдээлэл хийж, ард түмнээ тахлаас хэрхэн сэргийлж байгаа, түүний төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгаагаа яриад л... түүнд мэдээллийн бүх хэрэгсэл дагаж хошуураад л... Улс төрийн том акц, том пиар юм даа. Орж ирээгүй вирус дээр “ороо”-гоо оруулах хэрэггүй ээ. Түүнийг нь хэвлэл мэдээлэл дөгөөх хэрэггүй. Тэгж яривал ХӨСҮТ гэсэн мэргэжлийн ганц байгууллага нь сэргийлчих, шийдчих ажил шүү.
Эцэст нь хэлэхэд, сонгуулийн “ороо” орох нь орчихлоо. Сонгуулийн маргааш гэж нэг өдөр бий дээ л гэж бодож сууна. Тэр хүртэл хэд нь тэсч үлдэх юм. Их хуралд хэн гарах юм. Ямар ч байсан сонгуулийн маргааш өдөр энэ бүх ороо орсон шигээ гарна. Ганц мэдэж байгаа үнэн энэ л байна. Өнөөдөр бол маскны дайн ид л байна. Маргааш ямар “ороо” орохыг манай баатрууд мэдэж байгаа байлгүй. Харж л байя. Харин мэдээлэх дээрээ, мэдээллийг хүлээж авах дээрээ жаахан хэрсүү баймаар байна шүү, монголчууд аа.
П.Хашчулуун
Эх сурвалж: Өдрийн сонин