Оросыг дагагсдын ороо нь гарсан бол хэлэх хэдэн үг байна

Халх гол, Путин, орос ах гээд Монголын нийгэм өнгөрсөн хэд хоногийг хийрхлийн байдалд өнгөрөөлөө. Энэ бүхнээс хараад Оросыг шүтэгч зарим нэг нөхдөд хэлэхэд бид өнгөрсөн соц нийгэмд яг л ийм байсан. Бүх зүйл орос мэргэжилтний захиргаа, зандралт дор болдог байв. Энгийн нэг үйлдвэрийн даргын тушаалаас эхлээд төрийн тэргүүн нь шийдвэр гаргахдаа Кремль рүү утас цохидог байсан он жилүүдийг бид мартаагүй байна. Тэр үеийг мэдэрсэн өдөр хоногуудыг сая үдэв. Орос даргын зандралтад манай том дарга нар яаж нохойн гөлөг шиг болдгийг бид нүдээрээ харлаа. Орос дарга зандрахад Сүхбаатарын талбайг, уулын замыг хэрхэн мэрийж угаахыг харж авав. Уг нь бол ард түмнийхээ төлөө энгийн өдрөөр ч зам, талбайгаа угааж цэвэрлэж байх ёстойсон. Энэ яахав гэхэд, цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагынхан гадны мэргэжилтний заавраар яаж ард түмнийхээ амыг барьж байгааг мөн харав. Монгол Улс, Монголын ард түмэн том гүрний хараанд байвал яах байсныг анзаарав уу, ер нь. Өөрсдөө биш, өөр хүний заавраар дарамтлаад байх юм.
Айлчлал Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхацсан нь онцлог байв. Халх голын дайныг энэ цагт өөр өөр өнцгөөс харж тайлбарлаж байгаа ч Монголын газар шороонд үүрд нойрссон монгол, орос цэргүүдийн гавьяаг бид мартах ёсгүй, ямар ч үед хүндэтгэлтэй хандах учиртай. Харин хичнээн хоногийн өмнөөс бэлдэж, хүлээлт үүсгэсэн Оросын ерөнхийлөгчийн сүртэй эхэлсэн айлчлал даржин дууслаа гэж ажиглагчид дүгнэж байна. Айлчлалын дараа хэдэн санамж бичиг л тэврээд хоцров. Манай Батлан хамгаалах яам зэвсэг техникийн гэрээг үргэлжлүүлэн хийнэ гээд хөөрөөд байгаа. Гэрээ хэлэлцээрээ дуусгах нь зөв л байх. Гэхдээ хоёр хөршийнхөө хэнтэй нь байлдах гээд хэнээс нь зэвсэг аваад байгаа юм бол. Ядахдаа дуугүй хийж болдоггүй ажил уу.
Путины айлчлал хоёр ядуу айл нэг нэгэндээ зочилж байгаа мэт гунигтайдуу үйл явдал боллоо гэмээр ч юм уу. Тэднийх ч юм өгсөнгүй, манайд авъя гэсэн ч юм байсангүй, тэгсгээд л болоод өнгөрөв. Үйл явдлыг харж байхад, бид хэт нэг талыг барьж дөвчигнөж байж тусалж дэмждэг улсуудаа үргээчих вий, гурав дахь хөршийн бодлогодоо сэв суулгачих вий гэсэн болгоомжлол төрж байна. Оросыг дагаж ороо нь орогсод нэг зүйлийг мэдэх хэрэгтэй байна. Урд хөрш дайсан биш, хойд хөрш ах биш. Нийгэм ч энэ гажиг ойлголтоосоо даруй салах хэрэгтэй юм. Угтаа бол зүгээр л манай хөрш хоёр орон гэдэг утгаар нь эн тэнцүү харилцах, хандах ёстой. Гурав дахь хөршдөө ч тэр, тэнцүү ханд. Сайнтай муутай, өөр өөрийн эрх ашигтай улс үндэстэн, хүн төрөлхтөн гэдэг утгаар нь тэгш, эн тэнцүү хандах ёстой. Хэт нэг талыг барихгүй тэгж тэгш хандаж сурч гэмээнэ бидэнд ч мөн тэгж хандана.
Эрх баригчдын гар хөл болсон ногоон малгайтнууд орос мэргэжилтний үгээр ард түмнийг яаж тохуурхахыг бид сая харав. Тэд эргээд сэргэхэд бэв бэлэн байна. Путины эсрэг жагсчих вий гэхээс үхтэлээ айсан бололтой, тэд. Харин ч зарим жагсаалыг нь өөрсдөө зохион байгуулж, хэлэх гээд чадахгүй байгаа үгээ тэднээр хэлүүлж, шахаанд орвол тэдэн рүү бухаж бултаж болох байсан биш үү. “Аа, эд нар дандаа ингэж байдаг юм гэсэн юм яриад, ардчилсан орны иргэд шиг хээв нэг сууж болох л байсан. Ардчилсан орны нүүр царай иймэрхүү л байдаг. Жагсаж л байдаг, эсэргүүцэж л байдаг, ердийн л үзэгдэл шүү дээ. Гэтэл анх удаа шүүмжлэл харж байгаа мэт, хааж боогоод, шөнө үдшээр хаалга үүдийг нь нүдэж дарамтлаад юу болов оо.
Оросыг дагагсдад дахин нэг үг хэлье. Хэрэв Америкийн ерөнхийлөгч Трамп Монголд айлчилж ирвэл заавал жагсаарай. Ингэж байж л бид ардчиллаа аварч, хамгаалж үлдэнэ. Өнгөрсөн хэд хоног эрх баригчид танигдахааргүй өөр болсон. Юун ардчилал, эрх чөлөө, юун үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хаа сайгүй хааж боож мөрдөж эхлэв. Харин манай сэхээтнүүд бахархмаар сайн байлаа. Тэд хэнээс ч айлгүй үгээ хэлж, үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр тарааж байсан. Яаж ч дарсан тэд Хонконгийн ардчилагчдаас ч илүү гарахаар байж чадлаа. Тэд бол бусдаас илүү уншиж мэдсэн, юмыг өөрөөр харж чаддаг, анализ дүгнэлт нь бодитой, боловсрол мэдлэг өндөр учраас нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Ийм л үзэл бодлоосоо урвадаггүй зоригтнууд хаана ч ардчиллын бат суурь болсоор байдаг билээ. Тэднийг хараад Монголд ямар ч дарангуйлагч гарч ирсэн ардчиллыг дийлэхээсээ өнгөрсөн юм байна гэх бахархал төрж байв. Ардчилал ард түмний ухамсарт бат суусан юм байна гэж харлаа.

Г.Гэндэндарам     
Эх сурвалж: Өдрийн сонин      
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан