Нохой жилд Монгол Улс дэлхийн хаана явсан бэ

Улиран өнгөрч буй нохой жилд Монгол Улсын хувийн хэвшлийн олон салбарт дэвшил гарсан. Гэхдээ улс төр, эдийн засгийн хувьд уналт, сэргэлт ээлжилсэн, сонгуулийн жил шиг ороо бусгаа жилийг үдэж байна. Нийгмийг бухимдуулсан улс төрийн хямрал үргэлжилсээр гахай жилтэй золгож байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн аж амьдрал, хүрээлэн буй орчинд ахицтай өөрчлөлт гарсангүй.
Дэлхийн улсуудын хөгжлийн тулгуур хэмжүүр үзүүлэлтүүдээр Монгол Улс нохой жилд ямар байр эзэлснийг тоймлон хүргэе.
Монгол Улс аз жаргалын индексээр сүүлээсээ тавд орлоо
Дэлхийн улсуудын хүн амын аз жаргалын индекс нь тухайн улсын ард иргэд эх орондоо хэр сэтгэл хангалуун амьдарч буйг илтгэх хамгийн бодит үзүүлэлт болдог юм. Монгол Улсын хувьд нохой жилд аз жаргалын индексээр 140 орноос 14.3 оноо авч, 136 дугаар байрт орсон байна. Мөн манай улсад дундаж наслалт 68.6 байгаа нь дэлхийд 95 дугаарт эрэмбэлэджээ.
Авлигатай тэмцэхэд дорвитой өөрчлөлт гарсангүй
Трансперенси Интернешнл олон улсын байгууллагын гаргадаг авилгын индексээр нийт авах ёстой 100 онооноос 37 оноо авч 180 орноос 93 дугаар байрт орсон юм. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээсээ нэг оноо ахиж, 10 байр урагшилсан үзүүлэлт болсон юм. Монгол Улс 1999 онд 43 оноо авч байсан нь хамгийн сайн үзүүлэлт байсан бол 2009 онд 27 оноо авсан нь хамгийн тааруу үзүүлэлт байжээ.
Өрсөлдөх чадвараараа 140 ороноос 99-т эрэмбэлэгджээ
Дэлхийн эдийн засгийн Давосын чуулга уулзалтын үеэр танилцуулсан өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадамжаараа 140 орноос 99-т эрэмбэлэгдэж байгааг дурджээ. Үүний өмнөх жил 117 дугаар байрт орсон нь  бүх цаг үеийн хамгийн муу үзүүлэлт болсон юм.
Монгол Улс бизнесийн таатай орчны үзүүлэлтээр 12 байр ухарчээ
Дэлхийн банкны гаргасан Бизнесийн таатай орчны  судалгаагаар Монгол Улс 190 орноос 74 дүгээр байрт оржээ. Энэ нь 2017 оныхоос 12 байр ухарсан үзүүлэлт болсон аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бизнес эрхлэх нь улам хэцүү, тогтворгүй, хүнд суртал ихтэй байгааг харуулж байна. Бүс нутгийн хувьд Сингапур дэлхийд хоёрт, Өмнөд Солонгос дөрөвт оржээ.
Зарим чухал үзүүлэлтүүдийг хүргэвэл:
-Хүний хөгжлийн индексээр дэлхийд 92 дугаар байрт
-Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 71 дүгээр байрт  
-Инновацын индексээр 53 дугаар байрт тус тус оржээ.
Ажилгүйчүүдийн тоо буурчээ
Гахайн жилийн босгон дээр манай улс 3 сая 200 мянган хүн амтай болоод байна. Тэгвэл нохой жилд Монгол Улсад ажилгүйдлийн төвшин 6.9 хувиар буурч, ажилгүй иргэдийн тоо 92 мянга болсон нь 2015 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн сайн үзүүлэлт юм. Ажил эрхлэгчдийн төвшин 57 хувьд хүрч өссөнөөр 1 сая 238 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсон бол дундаж цалин 966 мянган төгрөг байна.
Эдийн засаг өссөн ч....
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ) нохой жилд 12,22 тэрбум ам.долларт хүрч 6.4 хувийн өсөлттэй байсан юм. Энэ өсөлт нь бүс нутагтаа БНХАУ-ын араас хоёрт орох үзүүлэлт болсон юм. БНХАУ-ын ДНБ өнгөрсөн онд 6.6 хувийн өсөлттэй байжээ. Харин бидний араас (Хонг Конг 3,7), (Тайвань 3,0), (Өмнөд Солонгос 2,9) хувийн өсөлт үзүүлжээ. Гэсэн хэдий ч нэг хүнд оногдох ДНБ-ий өсөлт 1.8 хувь буюу 4000 орчин ам.доллар болсон нь бүс нутагтаа өндөрт тооцогдох үзүүлэлт биш байлаа. Харин дэлхийд нэг хүнд оногдох ДНБ дунджаар 11 мянган ам.доллар байдаг юм. Инфляцын төвшин 7.2 хувьд хүрсэн нь мөн л бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт болсон юм.
Нэгтгэвэл, Монгол Улсын эдийн засаг нохой жилд дэлхийн эдийн засгийн 0,02 хувийг бүрдүүлжээ.
О.Мөнхбат
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан