“Тайгын мангас” буюу нохой зээх гэж ямар амьтан байдаг вэ?


Монголын банкнаас гаргасан нохой зээхийн зурагтай мөнгөн зоос 2008 онд дэлхийн шилдэг зоосоор шалгарсан байна.
Суусарын төрөлд багтдаг нохой зээхийг латинаар “Gulo gulo” хэмээн нэрийднэ. Энэ нь идэмхий гэсэн утгатай үг. Түүний нүд эргэлдсэн улаан өнгөтэй, шүд нь хурц учраас ямар ч том амьтны ясыг төвөггүй зажилна. Хумс нь их хурц, ямар ч зүйлийг тасар татах чадвартай ажээ. тиймээс анчид ч гэсэн жаахан жийрхдэг. Ихэвчлэн тайгаар нутагладаг энэ амьтан Сибирьт их тохиолдоно. Нохой зээх нь суусарын төрөлд багтдаг ба суусарын төрлийн хамгийн том амьтан юм. Нохой зээхийг дорготой андуурах тохиолдол бий. Биеийн урт нь 1 м гарантай, өтгөн ширүүн үсээр хучигдсан байдаг. 
Их аргатай, ухаантай, элдэвтэй, адтай амьтан учраас Умард Америкийн индианууд нохой зээхийг хүч чадал, арга ухаан, тэсвэр тэвчээр, авхаалж самбааны билэг тэмдэг гэж үздэг. Нохой зээхийн ан хийх ухаан нь гайхалтай, харин нохой зээхийг өөрийг нь агнахад тун хэцүү. Урхи тавиад ч нэмэргүй юм билээ хэмээн туршлагтай анчид ярьдаг. Түүнийг дутуу буудаж шархдуулсан анчид дараа нь ан хийх зүрхгүй болдог ч гэсэн яриа бий. Учир нь тэрээр яг нялх хүүхэд уйлж байгаа юм шиг гасалдаг. Идэш голдоггүй ч гэсэн түүний дуртай хоол нь шувууны мах бололтой. 
Намартаа бол жимсээр хоолоо “хачирлана”. Харин өвлийн цагаар өөртөө эрсдэлтэй, том ан агнана. Буга руу дайрна. Ангийнхаа араас тэрээр 40-45км/цагийн хурдтай хөөх ба цуцалтгүй дагана. Нохой зээхийн ангийн нүдэнд өртсөн амьтан бол тэгээд өнгөрөө. Харсан олзоо авлаж байж санаа нь амардаг зөрүүд амьтан. Хажуугаар нь өөр амьтан гүйсэн ч гэсэн тоохгүй. Анх харсанаа л “гүйцээдэг” адтай золиг гэнэ. Олз болох амьтнаа эхлээд тэр сайн ажиглаж алсаас дагана. Тэрээр олзоо барихдаа араас нь мордож шилэн хүзүү рүү нь асдаг байна. Идэш багатай, байгалийн гамшигийн үед сэгээр хооллоно. Тиймээс зарим судлаачид нохой зээхийг байгалийн цэвэрлэгч, ашигтай амьтан гэж үздэг. Зарим судлаачид нохой зээхийг зөвхөн сэгээр л хооллодог гэж үздэг. Нохой зээх их зөрүүд, ууртай. Мэдээж хүн рүү дайрахгүй ч гэсэн айна гэж бол байхгүй. Бас айлын хот руу болон тэжээвэр амьтан руу дайрдаггүй нэг сонирхолтой зан араншинтай. Хавханд орсон олзыг эзнээс нь өмнө “шүүрддэг” болохоор анчид түүнд их дургүй. “хулгайч, дээрэмчин” хэмээн дуудаж хараана. 
Нохой зээхэд бас нэг сонин зан байдаг нь модон байшин дотор ороод жижиг хэмжээтэй модон эдлэл хулгайлдаг. Яагаад ингэдэг нь тодорхойгүй. Нохой зээх их хартай, нутгархаг амьтан. Үүгээрээ бидэнтэй жаахан төстэй юмуу даа. Өөрийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн бүхнийг мөрддөг. Нутагт нь дураараа орж ирсэн урилгагүй зочныг тэвчихгүй. 
Нохой зээхийн хүзүү нь богинохон, бүдүүн, жижиг нүдтэй, харааны чадвар муу ч гэсэн үнэрлэх чадвар маш сайн. Нохой зээхийг хүмүүс дорготой андуурдаг. Нохой зээхийн урд мөч нь хойд мөчүүдээсээ урт, хурц хумстай. Түүний мөрийг зарим хүмүүс бамбаруушийнхтай их андуурдаг. Учир нь нохой зээхийн савар баавгайнхтай төстэй. Тэр их хөдөлгөөнтэй, бас завгүй учир байнга л үсчиж, шогшиж явна. 
Тэр их ганган. Өвөлдөө хар, хүрэн үсээр хучигдах ба зундаа “хувцасаа нимгэлнэ”. Түүний үс нь ус нэвтрүүлэхгүй байх онцгой чадвартай. Энэ нь түүнийг өлчир байхад их нэмэртэй ажээ. нохой зээх дунджаар 8-12 жил амьдарна. Нохой зээх үнэг шиг дуугардаг ч гэсэн уурласан үедээ гахай шиг хамраараа хуухирдаг. Нохой зээх ганцаараа тэнүүчлэн амьдарна. Шээс болон тусгай үнэртэй шингэн ялгаруулж нутаг дэвсгэрийнхээ хил хязгаарыг тогтооно. Орооны үед нь 1-2-р сард явагдах ба энэ үед эрэгчин нохой зээх их догшин болж бусад нохой зээхүүдтэй “үзэд тарна”. Эмэгчин нохой зээх төрөхийнхөө өмнө хуурай навчаар хэвтрээ засна. 1-3 зулзага гаргана. Дөнгөж төрсөн зулзага нь 100 граммаас хэтэрдэггүй ажээ. Зулзага нь 2 жил эхийгээ дагаж амьдарна. 
Нохой зээхийг Англиар Wolverine гэдэг бол Оросоор Россомаха гэнэ.
Jek Glawson.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан