Хүчирхийллийн эсрэг танд хэлэх үг байна уу?

Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан үйл ажиллагаанууд Хэнтий аймагт болсоор байна. Оны өмнөхөн хойд эцэгтээ зодуулж, амь насаа алдсан хоёр настай хүүгийн хойчийн буянд зул өргөсөн бол энэ удаад “Хүчирхийллийн эсрэг хэлэх үг надад байна” чөлөөт уулзалт ярилцлага өрнөв. Энэ талаар сурвалжилснаа хүргэе.
Нийгмийн дүр зураг, аж байдлыг улс төрийн өнгөөр харж болох ч бодит байдалтай эвлэрч зарим зүйл дээр хамтрах ёстой юм шиг санагдсанаа нуух юун.
Гэр бүлийн үнэ цэн, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлын тухай асуудал бараг мөнхийн сэдэв болтлоо яригдаж ирсэн. Гэтэл энэ ярвигтай үл ойлголцлын хохирогч нь хүүхэд болж хувирч байна. Гэр бүл салалт, хэрүүл тэмцэл, хүүхдийн хүчирхийлэл... энэ бүгд далд хэлбэрийн тахал болжээ.
Өнгөрөгч оны сүүл мушгих агшинд Хэнтий аймагт хоёр настай хүү хойд эцэгтээ онц хэрцгийгээр зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ үйл явдал цахим орчинд хурдтай тархсанаар олон хүний зүрхийг шимшрүүлсэн юм. “Охидын түүх” ТББ-ын тэргүүн Э.Цэцэгсайхан охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хэлээ хүрэх газар өчсөөр яваа нэгэн. Балчир хүүхдийн ёс бус үхлийн шалтгааныг үл тэвчсэн тэрээр Хэнтий аймгийнхаа эмэгтэйчүүд, эачүүдийг нэгтгэж гэр бүлийн хүчирхийлэл болоод хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээх талаар санаачилга гарган цахим хуудсандаа уриалсан байдаг. Энэ уриалгад нэгдсэн “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоо өөрийн биеэр Хэнтий аймагт хүрэлцэн ирж “Хүчирхийллийн эсрэг хэлэх үг надад байна” чөлөөт уулзалт ярилцлагыг Хан Хэнтий чуулгад хамтран зохион байгуулсан юм.
Мөн залуу үеийн төлөөлөл болж СУИС-ийн Радио телевиз Медиа урлагийн сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутан Б.Ундармаа оролцов. Хөтлөгчгүй, фанфаригүй тайзан дээрээс тэд уулзалтын зорилгоо ярьснаар энгийн бөгөөд чимээгүйхэн эхлүүллээ. Энэ уулзалтаар “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоогийн хувьд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний эхлэл нь тавигдаж байгааг дуулгалаа. Төсөөллөөр бол уг уулзалтад аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, ГБХЗХГ, Хүүхдийн элч, эвлэрүүлэн зуучлагч буюу хуульч өмгөөллийн байгууллагаас хамгийн түрүүнд ирэх болов уу гэтэл байдал эсрэгээрээ....
Харин Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх албаны хоёр алба хаагч болон Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаас өөр онцлох зочин харагдсангүй. Үүнээс үзэхэд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөх гэсэн хүмүүс цөөн байдгаас гадна Хэнтийчүүдийн нэгдмэл биш байдлыг харуулах шиг болов.
Хэрлэн сумын хоёрдугаар багийн дарга Б.Хүрэлзүрх: “Хүчирхийллийн тухай өдөр тутам сонсож байдаг хүний хувьд энэ уулзалтыг зорин зорин ирлээ. Тухайн хүчирхийлэгч өөрийн үйлдлээ өөрөө мэдэж ухамсарлаж зогсоохоос биш гадна талаас нь бид хэчнээн олж хараад шууд зогсоох боломжтой зүйл биш юм аа. Баг дээр ирж байгаа хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийн дийлэнх нь архидалтаас үүдэлтэй байдаг. Гэтэл хүлээлгэх хариуцлага нь сул байгаад байна. Мөн сая гарсан аймшигтай гэмт хэрэг үйлдэгч этгээдийг их л хүнддээ насаар нь хорих биз. Манай Монголд цаазын ял байхгүй учраас хүчирхийлэгчид хуулийн зөөлнийг ашиглаад байна. Насаар нь төр тэжээх шаардлагагүй гэж үзэж байна. Ер нь энэ хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийг хараад байхад дандаа хамтран амьдрагч нар байдаг. Бэлгэдлийн чанартай болчихсон. Нэг айлд очоод л эзэн суудаг, дураараа аашилдаг. Гэтэл архины эсрэг аймаг орон нутгаас өчнөөн уриалга гаргаад ажиллаад байхад тухайн хүний ухамсар хэвээрээ байгаа цагт бүх ажил талаар болно. Эцэстээ тэд архинаас гарах гарцаа лам, сүм хоёрт даатгаж байна. Ийм өрөвдөлтэй, орооцолдсон нийгэм бий болчихжээ. Бас нэг чухал зүйл бол хүчирхийллийн золиос болоод байгаа хохирогч хүүхдийг хамгаалах асрамжийн газар нэн түрүүнд чухал хэрэгцээтэй байна” гэлээ.
Оролцогчид, тэр дундаа ахлах ангийн сурагчдаас тун оновчтой саналууд гарч байсныг онцлох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй салалтын ард талд хүүхэд хэрхэн өсдөг, ямар сэтгэхүйтэй болдог талаар бодит жишээн дээр тулгуурлаж ярьж байсан юм. Мөн ахмад үеийн төлөөллүүд ч үг, үзэл бодлоо илэрхийлж залуу хойч үеээ зөв хүмүүжүүлэх нь чухал байгааг хэлж байлаа.
Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун: “Монгол Улсын тусгаар тогтнолтой нас чацуу Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймаг дахь салбар сүүлийн үед бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилж эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх ажлаа шуурхайлж эхэлсэн. Тус байгууллага маань“Хүүхэд, эмэгтэйчүүдийн Хөгжлийн төв”-тэй болохоор аймгийн Иргэдийн хуралд санал хүргүүлсэн нь дэмжигдсэн. Удахгүй тусдаа бие даасан байгууллага бий болно. Энэхүү уулзалт, чөлөөт ярилцлагад миний бие хүрэлцэн ирж хүчирхийлэлтэй холбоотой санал, дүгнэлтүүдийг сонсож цаашид бодлогын түвшинд хэрэгжүүлэх боломжтой зүйлүүдэд ажил хэрэгчээр хандана” гэдгээ илэрхийллээ. Ингээд уулзалтын төгсгөлд дараах хоёр зүйлийг уриалга болгон гаргасан юм.
Нэгдүгээрт эрсдэлт бүлэгт “Хүүхэд хяналтын тогтолцоо”-г бий болгох, Хоёрдугаарт сар бүрийн 10-ны өдөр хүчирхийллийн эсрэг кампанит ажлыг бүх түвшинд зохион байгуулах саналыг тус тус дэвшүүллээ.
Д.Одонтунгалаг


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан